Ерөнхийлөгч Янукович бүрэн эрхийн хугацааныхаа талыг барлаа. Януковичийн Украин нь Путины Оростой төстэй болж ардчилал хумигдан нэг хүний засаглал бэхжиж байгаа гэнэ. Гэхдээ л хоёр орны хооронд мэдэгдэхүйц ялгаа буйг шинжээчид өгүүлж байна.
2010 оны хоёрдугаар сард сөрөг хүчний лидер Виктор Янукович ерөнхийлөгчийн сонгуульд Юлия Тимошенког ялснаас хойш түүний бүрэн эрхийн хугацаа нь дундаа оржээ. “Януковичийн захиргаа нь Украиныг Путины Оростой адилхан болгож байна. Ардчилал багасаж, нэг хүний засаглалын авторитаризмын хандлага нэмэгдэж байна” хэмээн Германы DW агентлагийн асуулгад орсон шинжээчид дүгнэжээ.
“Засаглалаа хэзээ ч өгөхгүйгээр ажиллаж буй өнөөгийн удирдлагын эрмэлзлэлийн тухай” асуудлаар санал авахад “өнөөдрийн Украин нь Оросыг санагдуулж байна” хэмээн Кельны улс төр судлаач Герхард Зимон (Gerhard Simon) хариулав. Украин нь Оросын адилхан эрх баригч намтай. Бүс нутгийн нам нь бүхий л төвшинд тэргүүлэхээр эрмэлзэж байна. Мөн эрх баригчид нь сөрөг хүчнийг сулруулах, хяналтдаа байлгах эрмэлзэлтэй байгаа” гэдгийг ч мөн хэлэв.
Мөн Украины эрх баригчид засаглалын босоо бүтэцтэй болохоор эрмэлзэж байгаа нь Оростой адил хэмээн Киево-Могилянскийн академийн доцент Андреас Умланд (Andreas Umland) онцлов. Тэрээр үүнийгээ “Парламентын байдлыг хянах, ерөнхийлөгчийн засаглалыг бэхжүүлэн, сөрөг хүчнийг айлган тоглоомоос гаргах зэрэг оролдлого нь үүнийг гэрчилж байна” хэмээн батлахыг хичээсэн байна.
Захиалгатай шүүх
Хамгийн тод жишээ нь Юлия Тимошенкогийн хувь заяа болж байна. Януковичийн засаглалын үеэр барууныхны нүдэнд сөрөг хүчний лидер нь Украин ардчилсан орноос авторитар дэглэмд шилжиж байгаагийн нэг жишээ, бэлгэдэл нь болов. Жилийн өмнө 2011 оны наймдугаар сарын 5-нд Киев хотын Печорын районы шүүгч Родион Киреев сөрөг хүчний лидерүүдийн нэг, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенког барин саатуулах шийдвэр гаргасан юм. Тэр жилийн намар нь Оростой байгалийн хийн гэрээ байгуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, улсад их хэмжээний хохирол үзүүлсэн гэж Юлия Тимошенког долоон жилээр хорих ялаар шүүх шийтгэсэн билээ. Хэвлэл мэдээллээр Тимошенког есөн жилийн өмнө хоригдсон ЮКОС нефтийн концерны тэргүүн байсан Михаил Ходорковскийтай зүйрлүүлэх нь их байгаа. Оросын сөрөг хүчин болон Баруунд Ходорковскийн хэргийг улс төрийн шалтгаантай гэж үздэг. Барууныхан Оросын тэрбумтан асан мөн Украины сөрөг хүчний лидерүүдийн нэгийн эсрэг хийгдсэн шүүх ажиллагааг захиалгатай шүүх засаглалын жишээ болгон нэрлэж байна.
Бүх засгийг донецкийнханд
КГБ-гийн офицер байсан Владимир Путин 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа улс орныхоо гол тушаалуудад тусгай албаны хуучин ба шинэ ажилтнуудыг мөн төрөлх Санкт-Петербургийнхаа хамтран зүтгэгчдийг тавьсан юм. Янукович бас л тийм зүйлийг Украинд хийлээ. Гол албан тушаалуудыг ерөнхийлөгчийн бага эх орон болох Донецк мужийн хүмүүст өгсөн байна. Украины Засгийн газрын тал хувийг ерөнхий сайдаар удирдуулсан Донецкт ажиллаж байсан хүмүүс эзэлж байна.
Януковичийн Белорусь жишээ
Оросын ерөнхийлөгч Украины ерөнхийлөгчид үлгэр дууриал болж чадаж байна уу гэдгийг герман шинжээчид хэлсэнгүй. “Путин ч Янукович ч авторитар дэглэмээ бэхжүүлэх үүднээс адилхан нөхцөл, зорилготойгоор зүтгэж байна” хэмээн улс төр судлаач Зимин хэлсэн ба “ингэлээ гээд Путинг Януковичийн үлгэр дууриал гэж болохгүй” гэж онцлов.
Орос ба Украины улс төрийн систем ялгаатай гэж ТВi гэх Киевийн телевизийн ерөнхий редактор, Орост олон жил амьдарсан Виталий Портников хэлж байна. “Путины захиргаа нь түүний өмнөх ерөнхийлөгч Борис Ельцины бий болгосон олигарх загварын үргэлжлэл юм” гэж тэр хэлэв. Түүний дүгнэлтээр, янз бүрийн олигарх ба албан тушаалтнуудын бүлэглэлийн ярилцан тохиролцсоны дагуу улс орноо хоршоолон удирдаж байгаа гэнэ. Украинд тийм систем нь Леонид Кучма, Виктор Ющенко зэрэг ерөнхийлөгч нарын үед байсан. Харин Янукович түүнийг өөрчилсөн байна. Одоо Украины засаглалын загвар нь зарим хэлбэр, хэмжээгээр бүх засаг нь ганц хүний гарт төвлөрсөн Белорусийн улс төрийн загварт ойртож байна гэж сэтгүүлч тэмдэглэв. Портниковын анзаарсан Путин ба Янукович хоёрын өөр нэг ялгаа нь “гэр бүлийн харилцааг тэргүүлэх чиглэлээ болгосон явдал” ажээ. Янукович улс орноо өөрийн гэр бүл болон хүүхдүүддээ хамаатайгаар зохицуулан бүтээж байна. Харин Путинд тийм зүйл байхгүй гэж тэр хэлэв. “Ерөнхийлөгчийн том хүү Александр Янукович бизнес хийн Киевын “Корреспондент” сэтгүүлээс гаргасан Украины тэргүүн баячуудын жагсаалтад орсон байгаа. Бага хүү Виктор нь сонгуулиар дахин депутат болохоор шийдээд байгаа” хэмээн сэтгүүлч бичжээ.
Оросын зүг алхсан сонгууль
Аравдугаар сард төлөвлөгдсөн сонгуулийн үйл ажиллагаа Украиныг Оростой улам адилхан болгож магадгүй нь. Мөн олон улсын шүүмжлэлд сонгуулийнхаа дараа орсон Белорусь шиг болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Украины сэтгүүлч Портников “сонгуулийг “маш өргөн цар хүрээгээр” будилаантуулна” гэж үзэж байна.
Сонгуулийн дараа Украин хоёр дахь Орос болно гэж ярих нь буруу гэдгийг шинжээч хэлэхдээ “Украинд сөрөг хүчин бий” гэж онцлов. “Украины хагас авторитар дэглэм тогтвортой биш. Учир нь түүнд Оросынх шиг санхүүгийн нөөц байхгүй” хэмээн улс төр судлаач Умланд өгүүлэхдээ Янукович өөрөө Путин шиг нэр хүндгүйг онцолжээ. Януковичид Путины Орост байгаа шиг нэгдсэн элитүүд болон түүний төлөө зогсдог аппарат байхгүй ажээ.
Януковичийн ирээдүйг шинжээчид янз бүрээр харж байгаа. Киевын сэтгүүлч Портниковынхоор бол ерөнхийлөгчийн суудал бат бэх биш гэнэ. Кельны улс төр судлаач Зиман “ойрын хэдэн жилдээ Янукович засгийн эрхэнд байх болно” гэв. Түүний дүгнэлтээр, Зүүн славянчуудын Орос, Белорусь, Украин зэрэг гурван орны байдал нь “авторитаризм бэхжих” талдаа чиглэгдэх ажээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин