Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтс хэдэн тэрбумын сан байгуулж, буяны үйл хийж байгаа тухай мэдээллийг уншсан нэгэн бээр “Надад ердөө л 15 мянган ам.долларыг хүүгүйгээр зээлүүлчихэд л миний амьдралын асуудлууд шийдэгдчих гээд байна” гэж санаашрахад бид тохуутайгаар инээлдэж байсан. Гэхдээ яг үнэндээ бол хэн нэгэн ямар нэгэн жижигхээн бизнес эхлүүлэх гэхэд 15 мянган ам.доллар битгий хэл нэг мянган ам.доллар ч олдохгүй нь бий. Басхүү зарим хүнд олдохгүй байгаа 15 мянган ам.долларыг хэн нэгэн нэг ямар ч үр ашиггүйгээр зарцуулах нь бий. Үүнийг хувь тавилангийн шоглоом гээд түр орхие.

Гэтэл өнөөдөр Монголд нэг талаасаа хаана ч мөнгө байхгүй гачаалд орчихсон юм шиг мөртлөө нөгөө талаас Арабын шейхээс ч илүү баярхуу хүү төлдөг болчихсон байх юм. Төсөрхөн жижиг дунд үйлдвэрийн зээлийг хариуцсан албатан төрийн сангаас мөнгө орж ирэхгүй байгаа болохоор хэдийгээр бүх шаардлагаа хангасан жижиг дунд үйлдвэрийнхэнд зээл олгоё гэсэн ч төсвөөс санхүүжилт орж ирэхгүй байгаа тухай зовлонгоо хэвлэлд ярьсан байсан. Зээл авахыг хүсч үй түмэн бичиг баримт бүрдүүлж зүдэрсэн тэдний хувьд бол хотын төвийн нэг өрөө байрны үнэд бараг хүрэхээргүй буюу дээд тал нь 50 сая төгрөгний л зээл хүсдэг. Гэхдээ тэд хотын төвийн нэг байранд сууж “паалантай” жорлонтой байхын тулд  бус дараа дараагийн үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмж авч, ажлаа өргөжүүлж, өөрсдөө ч бас ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин, амьжиргааг ч нэмэгдүүлэхийн төлөө 50-хан/ энэ зарим хүний хувьд өчүүхэн ч зарим хүний хувьд маш их мөнгө/ сая төгрөгийн зээл авахыг хүсдэг. Зүгээр ч нэг хүсэх биш баахан шалгуур давж бас хүүг нь төлнө. Гэтэл тэдэнд зээл олдохгүй байна. Дээр өгүүлснээр төсвөөс санхүүжилт хийгээгүй учраас эсгий гутал урлаж, ногоо тарьж, магадгүй түүнээс илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн хүмүүст зээл олдохгүй байгаа гэсэн үг шүү дээ.

Гэтэл үүнтэй зэрэгцүүлэхэд цус буцлам бас нэг баримт байна. Мөнгөгүй гээд байсан монголчууд олон улсын зах зээлээс 580 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан. Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлээс өдий хэмжээний хөрөнгө босгож чадлаа гэсэн бахархам мэдээлэл гарч байсныг та бид санаж л байгаа биз дээ. Тэр мөнгө одоо хаана байна вэ? Албаны хүмүүсийн ам шүд алдаж байгаагаар бол тэр мөнгө өнөөдөр Монголын дансанд байж л байгаа гэнэ. Ок, хаа нэг тийшээ алга болчихоогүй дансандаа байж л байгаа юм байна. Ер нь бол мөнгийг зүгээр нэг дансанд хэвтүүлнэ гэдэг бол ямар нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа эсвэл зүгээр л нэг орон сууцны байр барих гээд жаахан мөнгө дутчихаад байгаа бизнесмэнүүдийн хувьд “үхэл”.  Яагаад гэвэл тэнд цаг, минут, секундээр хүү тоологдож байдаг учраас… Гэтэл ажил нь яваад байгаа мөртлөө зээлийн хүүндээ “дарлуулаад” компаниа дампууруулсан захирал байдаг. Гэтэл Хөгжлийн банкны бидний хөөрөлхөөд байгаа зээлийн өдрийн хүү хэд гээч? 98 мянган ам.доллар. Төдийгөөс өдий хүртэл Хөгжлийн банк нэг ч төгрөгний ажил хийгээгүй. Тэгсэн мөртлөө өдөрт нэг битгий хэл жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шовойтол босгоод ирэхээр мөнгийг зөвхөн хүүндээ төлөөд өнөөдрийг хүртэл дорвитойхон зүйл юу ч хийгээгүй байна гээд бод доо. 

Хөгжлийн банкны босгосон хөрөнгө нь хамгийн хөнгөлөлттэй, гайгүй нөхцөлтэй гэдэг. Гэхдээ тэр юунд зарцуулагдав аа, түүгээр юу хийж болох байв аа. Хөгжлийн банк  Монголчууд хөгжлийн төлөө том алхам хийхийн төлөө байх ёстой гэдэг. Таван сая төгрөгний зээл авч чадаагүй эсгий гутал гэртээ оёдог Дорж үүнтэй давж хэрэлдмээр байна. Анхнаасаа энэ банкийг байгуулах хөрөнгө оруулалт авах шалгуур нь эдийн засгийн үр ашигтай, ирээдүйг тэтгэсэн томоохон хэмжээний төсөл байх ёстой хэмээснийг санаж байна. Гэхдээ Хөгжлийг хөгжүүлж чадахгүй байгаа тэр банк мөнгөтэй байсан ч юу ч хийхгүй дансанд нь мөнгө үхэж байснаас ядахдаа нэг өдрийн хүү болох 98 мянган ам.доллараар хэдэн жижиг үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд дээрээс нь ашиг ол улсдаа татвар төлж чадна гээч.

Болдог бол ядахдаа тэр хүүд нь төлж байгаа, яг үнэндээ Монгол Улсын төсвөөс л гарч байгаа 98 мянган ам.доллароос чинь би зээл авья, Өдрийн 98 мянган ам.доллар  бүү хэл есөн мянган ам.доллар ч байсан жижиг, дунд үйлдвэрийнхэн түүгээр чинь ажлаа хийгээд, дээр нь амьдралаа залгуулаад, татвараа төлж чадна даа. Өдөр болгон төлж байгаа 98 мянган ам.долларын хүүгээр хэдэн аж ахуйн нэгж ажлаа өргөжүүлж чадах байсан бол? Тэнд 50 сая төгрөгийн зээл авч тариалан эрхлэх гээд чадахгүй байгаа хүн зөндөө байгаа. Өдөрт төлж байгаа 98 мянган ам.долларын чинь хагасын хагасыг зээлье, бас хүүг чинь өгье, гэхдээ хоосон биш шүү, жижигхээн үйлдвэр байгуулаад та нарт татвар төлье болох уу?

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж