
Тэрбээр автозамын засвар, шинэчлэлийн ажлын явц, нийтийн тээврийн үйлчилгээний асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хүйтрэхээс өмнө зам засварын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгах, ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг даалгавар өглөө. Наймдугаар сар гарч, өвөлжилтийн бэлтгэлээ базаах болсон энэ үед зам засварын ажил дуусаагүй, зарим нь эхлээгүй байгаад хотын дарга Э.Бат-Үүл шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл, орон сууц, нийтийн аж ахуйн засвар шинэчлэлд чухал ач холбогдол өгч ажиллахыг үүрэг болгосон байна. Хотын мээрийн хувьд 5А хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүүлэн гарч ирсэн, энэ ажлаа эхлүүлэхийн тулд томилгоо хийж, ажилдаа шуурхайлан орохыг онцолж байсан юм.
Мөн хотын тулгамдсан болон цаг үеийн ажлуудыг шуурхайлах ажлаа томилгоонууд хийснээр эхэлж байна.Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Н.Батааг, Нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ё.Гэрэлчулууныг тус тус томиллоо.
Нийслэлийн Ардчилсан намын тэргүүн дэд дарга Н.Батаа ажилд томилогдохын өмнө шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Шим” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ХХААХҮЯ-ы Стратеги, төлөвлөлтийн нэгдсэн бодлогын газрын даргаар болон нийтийн аж ахуй үйлчилгээний системд хариуцлагатай алба хашиж байсан юм.
Ё.Гэрэлчулуун Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаад уг албанд томилогдож байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, монгол төрийг түшилцэж явсан, нийслэлчүүд төдийгүй монголчуудын танил билээ. Ийнхүү шинэ алба хүлээж аваад байгаа хотын даргын орлогч нар улс төр, нийгмийн туршлагатай, төрд шалгагдсан эрхмүүд учраас ийнхүү хариуцлагатай албан тушаалд томилж байгаагаа ч Хотын дарга Э.Бат-Үүл онцолж байсан юм.
