ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал мэдүүллээ

Монголын Үйлд­вэрч­ний эвлэлүүдийн хол­боо­ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өчигдөр УИХ-ын Бие даагчдын зөвлөлөөр дамжуулан шинээр байгуулагдах Зас­гийн газрын мөрийн хөтөл­бөрт багтаах саналаа өргөн мэдүүллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Болорчулуун нар мэдээлэл хийсэн юм.

Уг хурлын үеэр МҮЭХ, МАОЭНХ-ны удирдах хүмүүс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгуулахаар боловсруулсан хамтарсан саналаа УИХ дахь Бие даагчдын зөвлөлд танилцуулж, хараат бус тэдгээр гишүүнээр дам­жуу­лан Засгийн газарт хүргүүлэхээр дээрх сана­лыг гардуулав. Энэхүү хамтар­сан саналд хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоом­жийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийн бодлого болон уул уурхай-дэд бүтцийн хөгжил, цалин хөлс, нийгмийн хамгааллын хүрээнд хэрэгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр нэн даруй шийдвэрлэх нийгэмд зайлшгүй шаард­­­­лагатай, чухал ач холбог­дол­той асуудлуудыг тусгажээ.

Ажлын байр нэмэг­­дүүлэх, иргэд, хөдөл­мөрчдийг ажил, орлоготой болгоход чиглэсэн эдгээр саналыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа эсэх, хэрэгжилт, үр дүн нь иргэд хөдөлмөрчид болоод ажил олгогчдод хэр бодитой хүрч байгаад талууд хяналт тавьж үнэлгээ хийн ажиллах аж.

Шинээр эмхлэгдэх Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтаах саналд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг шинэчлэн батлах тухай онцолсны зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хуу­­лийг шинэчлэх, мөн гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах нөхцөлд ямар журам барьж ажиллах шаард­­лагатай талаар ч тусгасан аж.

Учир нь сүүлийн жилүү­дэд Монгол Улсад гадаадаас ажиллах хүчин олноор орж  ирдэг, тэр дундаа урд хөршөөс олноо­роо орж ирдэг. Тэдэнд тодорхой шаардлага тавьдаг эсэх нь эргэлзээтэй, гэтэл Монгол Улсын иргэд БНСУ зэрэг бусад орон руу ажиллах хүчнээр гарах бол эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээ хийлгэж, тэнцэхгүй бол явдаггүй гээд нарийн дэг жаяг мөрддөг. Тиймээс энэ бүхэн гадаадаас оруулж ирэх ажиллах хүчинд ч тавигдах ёстой гэж үзэж буй ажээ. Нөгөө талаас улсын төсвийг ил тод олон нийтэд нээлттэй болгох, тэр дундаа хар сэр хамгийн их төрүүлдэг тендэрийг мөн шударга зохион байгуулж нээлттэй болгох зэрэг асуудал энэхүү саналд багтсан талаар бие даагч гишүүд хэллээ. Мөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах санаа ч энэ­хүү саналд багтсан юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бид ажил олгогч эздийн холбооноос өргөн барьж буй энэхүү саналуудыг УИХ-ын чуул­ган эхлэхээр өргөн мэдүүлнэ. Өргөн барьж буй энэ төслүүд нь батлаг­даж, хэрэгжих ёстой асууд­лууд байна. Бие даан нэр дэвшигчид ч мөн энэ асуудалд ач холбогдол өгч ажиллана” гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж