Б.Наранбаатар эхний тойрогт Ираны бөхтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар эхний тойрогт Ираны бөхтэй барилдана

"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр /VIII.10/-өөс эхлэх билээ. Хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55 кг ба 74 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм. Энэ өдөр Монголын баг тамирчдаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, ОУХМ П.Өнөрбат нар олимпийн дэвжээнд зодоглох юм.

Дээрх хоёр жинд өрсөлдөх бөхчүүдийн сугалаа саяхан тодорчээ.

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 19 бөх зодоглоно. Б.Наранбаатарын тухайд эхний тойрогт Ираны бөх Хассан Сабзали Рахимитэй барилдахаар сугалаа татжээ. Рахими нь өдгөө 23 настай, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2012 оны Ази тивийн аварга, Дэлхийн цомын тэмцээний аварга тамирчин байна. Эхний учраагаа ялбал шөвгийн 16-д Энэтхэгийн залуу тамирчин Амит Кумартай барилдана. Түүний жинд Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Болгарын Радослав Великов, дэлхийн хошой аварга, Узбекистаны Дилшод Мансуров, дэлхийн аварга, БНАСАУ-ын Ян Кён-Ил, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны Даулет Ниязбеков нарын хүчтэй өрсөлдөгч олимпийн дэвжээнд өрсөлдөхөд бэлэн болжээ.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д мөн 19 тамирчин зодоглоно. Тус жинд эх орноо төлөөлөх ОУХМ П.Өнөрбат эхний тойрогт Гүржийн бөх Давит Хуцишвилитэй барилдахаар болжээ. Ялбал дараагийн тойрогт Гвиней-Биссау болон Венесуэлийн бөхчүүдийн ялсантай нь барилдахаар сугалаа таарчээ.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж