![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/aa26b951a416d061/329523b93d6f089ebig.jpg)
Ялагдсан шокноосоо салалгүй бүхэл нэг сар Төрийн ордноосоо гадаалж Тусгаар тогтнолын ордонд “тусгаар” тогтнон Засагт хамтарч орох санал хүлээсэн МАН-ынхан өдөр хоногоор дөтлөн дөтөлсөөр тангараг өргөөд л үүдийг нь хамхиж орхисон чуулганы танхмынхаа хаалгаар орж сэнтийдээ мориллоо. УИХ-д 25 суудалтай МАН-ын гишүүд УИХ-ын даргыг МАН-тай зөвшилцөлгүй хууль бусаар сонгосон хэмээн Цэцэд хандаад буй. Бас таван тойрогт сонгогчдын саналыг дахин гараар тоолох, Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөж түр үнэмлэхээ авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-д оруулж ирэх гээд гурван гол асуудлаар нээнтэглэн хуралдаанд орохгүй байсан ч өнөөдрөөс анхдугаар чуулганы хуралдаанд ирж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр парламент элэг бүтэн болж танхим дүүрсэн анхны хуралдаанаа хийлээ.
Өнгөрсөн хугацаанд олонхийг бүрдүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН, бие даагч гишүүд хамтран найман байнгын хорооны долоог байгуулан даргыг томилж, УИХ-ын дэд даргаар “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ч.Улааныг сонгосон. Гэхдээ МАН-ын бүлгийнхэн зүгээр орж ирээд хуралдаан эхлүүлсэнгүй. УИХ-аас МАН-ын бүлэг байгуулах эрх нэхэж УИХ-ын даргад мэдүүлэх гэж оролдов. Гэхдээ нэгэнт 2006 онд эрхэм гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үед баталж, Ц.Нямдорж дарга гарын үсгээ зуран баталгаажуулсан УИХ-ын тухай хуулийн 26-гийн 5 дахь хэсэгт “Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” хэмээн заачихсан тул МАН-ын гишүүд бүлэггүй хэвээр хоцорлоо. Цаашдаа зөвлөлөө байгуулна уу, сул гишүүд болно уу, бие даагчидтай нэгдэнэ үү, тэдний хэрэг болж хоцров.
МАН гэдийж, АН шийр зааж бүтэн нэг сарыг ардаа хийсэн УИХ-ын орших, эс оршихын цаг тоолол яг өнөөдрөөс эхэлж байна. Ингэж хэлэхийн учир гэвэл УИХ-ын тухай хуулийн 31-ийн 1.3 дахь хэсэгт “Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон бол” УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дууссанд тооцож УИХ тарж ээлжит бус сонгууль явуулахаар заасан.
Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчид олонхийг бүрдүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад АН-ын дарга Н.Алтанхуягийн нэрийг дэвшүүлэн өргөн мэдүүлсэн юм. Өнөөдөр үдээс хойш Ерөнхийлөгч зөвшилцөх бичгийн хариуг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлэн Засгийн газрыг байгуулах эхний алхмын суурийг тавилаа. Ингэснээр өнөөгийн УИХ өнөөдрөөс 45 хоногт багтаан Ерөнхий сайдаа томилж Засгийн газраа байгуулах үүрэг хүлээгээд байна. Эхний өдөртөө багтаан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжсэн юм. Улмаар анхдугаар чуулганы хуралдаанд оруулж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцлээ.
Шинэ Засгийн замын эх саадгүй байсангүй. МАН-ынхан баян тарган Засгийн газар хүлээлгэж өгч буйгаараа бардамнаж, АН-ынхан ч ихэнх хугацаанд хамтарч ажилласнаа сануулж УИХ-ын танхимд жинхэнэ утгаараа олонх, цөөнхийн хооронд болдог маргаан мэтгэлцээн болж эхэллээ. Ц.Нямдорж сайд АН, “Шударга ёс” эвсэл хамтарсанд эмгэнэл илэрхийлж өмнөх Засгийн газрууд хэрхэн унаж огцорч байсныг сануулахаа мартсангүй. Нэр дэвшигч Н.Алтанхуяг Засаг байгуулах ажлын эхлэлийг хар энергиэр “мялаахгүй байх”-ыг эрхэм сайдад сануулав.
Юутай ч өнөөдрөөс УИХ ердийн горимоороо ажиллаж шинэ парламент хөлд орох, шинэхэн гишүүд хэлд орох эхний алхмаа хийлээ. Одоо тэдэнд Засгаа эмхлэх 45 хоногийн хугацаа бий. Цагийн зүү эргэж мөч, хормыг тоолж эхэллээ.