Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын даргыг томилох асуудал нь хууль зөрчсөн тул дахин УИХ-ын даргыг томилох асуудлыг санал хураалгаж баталгаажуулах асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн, хэлэлцэх асуудалтай холбоотой горимын санал тавьж буй бол өөр хэрэг. Хуулийнхаа хүрээнд УИХ үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч явуулах болно. Хэлэлцэх асуудлынхаа хүрээнд асуудлаа шийдээд явъя, өнгөрсөн хугацаанд төрийн олон ажил цалгардлаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төр засгийн ажил зөндөө гацлаа гэлээ, Ардын намаас болоогүй. Хотын даргыг өнгөрсөн даваа гаригт дэвшүүлж, нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн, улмаар Ерөнхий сайд өчигдөр батламжилсан. Ерөнхий сайдын асуудлыг өчигдөр та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, өнөөдөр УИХ-д орж ирж байна, хэнээс болж саатсан гэх гээд байгаа юм” гэлээ. Ингээд УИХ-ын гишүүн Н.Энхболдын гаргасан саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь “Горимын саналыг хүлээж авах боломжгүй” гэж үзсэн юм. Харин МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Намын бүлэг байгуулж буй тухайгаа албан бичгийг УИХ-ын Тамгын газарт өгсөн, үүнийг УИХ-ын дарга хүлээж авна уу” гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын дарга томилогдсоноос хойшхи 24 цагт багтаан мэдүүлэх учиртай. Энэ хугацаа өнгөрсөн тиймээс ганц гарц үлдсэн нь хуулийн төсөл санаачилж байж, асуудлыг авч хэлэлцэхээс аргагүй” гэсэн юм. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулах хүсэлт ёсчлогдож чадсангүй. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг танилцуулж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж