МАХН доторх дажин ба шинэ үеийн эрэл

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

МАХН доторх дажин ба шинэ үеийн эрэл

Бага хурлын төлөвлөгөөнд юу тусав?

Үүсч байгуулагдсаныхаа 89 жилийн ойг тэмдэглээд байгаа МАХН-ын дотоод хагарал ил гарах нь тодорхой боллоо. Уг нь ууган намынхан “Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч малгайдаа” гэсэн зарчмыг яс барьж доторх тоос гөвөлцөөнөө ил гаргалгүй нам дардаг байсан юм. Цагаан ордныхоо хананы цаана нударга зөрүүлсэн эрхмүүд хаалгаар гарахдаа гар барилцдаг, бас ч гэж эр хүний жудагтай явсан цаг ард хоцорчээ.


Өнгөрсөн оны намраас хойш ухарсаар нэг хэсэг чимээгүй болсон бага хурлыг ирэх дөрөвдүгээр сард хийхээр товлоод байна. Энэ товыг АНУ-д эмчлүүлж байгаа намын дарга С. Баярт ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур бараалхан байж тогтоосон юм. Түүнээс өмнө бага хурлаа энэ гуравдугаар сарын 20-доор хийхээр ярилцаж үзээд удирдах зөвлөлийн гишүүдийн санал нэгдэж чадаагүйгээс МАХН-ын даргатай биечлэн уулзаж ярилцан байж ийм шийдвэрт хүрчээ. Хэлэлцэх асуудлынхаа ерөнхий зарчмыг ч тохирсон байна. Тэр дотор МАХН-ын даргыг сэлгэх асуудал орсонгүй.


  Намаас түдгэлздэг албан тушаалд очсон бага хурлын гишүүдийг нөхөн сонгох тухай асуудлыг “зохион байгуулалтын” гэсэн тодотголтойгоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар болжээ. Үүнээс гадна сахилга, дэг журмын асуудлыг хэлэлцэнэ гэсэн нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө наад цаад бодолтой гишүүдээ цэгцэлж, нэгэн үзүүрт санаагаар сонгуулийн бэлтгэлд орохыг сануулах “үзүүлэх тоглолт” болно гэж ажиглагчид хэлж байна. Түргэн амтай ганц нэг гишүүнд сануулга өгөх маягаар энэ үзүүлэх ажиллагаа өндөрлөж болзошгүй аж. Н.Ганбямба, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва нарын бодсон санаснаа ил хэлдэг гишүүд тэдний овоо хараанд орж болзошгүй л юм.


Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “но”-той нэг сэдэв бий. Энэ нь Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх явдал. Үүгээр МАХН-ын эрх мэдэл бүхий хүрээнийхний санал бодол хоёр хуваагдаад буй. Нэг хэсэг нь 2011 он гэхэд Хамтарсан Засгийн газрыг тарааж, УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгийн дагуу дагнасан Засгийн газар байгуулаад Ерөнхий сайд С.Батболдыг хэвээр үлдээх талаар хандлага цухуйлгаж байгаа. Харин нөгөө талд 2012 оны сонгуульд орон ортол Ардчилсан намтай гүйцэтгэх засаглалын төвшинд хамтарсан хэвээрээ байж, эцсийн бүлэгт сонгуульд өрсөлдөх үедээ Засгийн газрын алдааг хамтрагчдаа тохоод өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн санаа бас хадгалагдаж яваа нь нууц биш.


Ядаж байхад Ардчилсан намынхан Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлал гээд алдаа заах өндөр магадлалтай, эрсдэлтэй яамдыг тэргүүлж байгааг хэлэх үү. Оюутолгойгоор маргаан гарлаа гэхэд гарын үсэг зурсан гурван сайдын хоёр нь Ардчилсан намынх. Гахайн томуу, хүүхдийн ханиад, нярайн халдвар, амаржих газрын хомсдол энэ бүхэн Эрүүл мэндийн яамных. За тэгээд уул ус  бохирдсон, зам харгуй энхэл донхол болсон бол бас л хамтрагч намын сайдынх. Хэдийгээр дэдүүд нь МАХН-ынх ч яамны ажлыг жинхэнэ сайдаар нь л овоглоно. Ингэхээр Хамтарсан Засгийн газрыг авч хэлэлцэнэ гэдгийн цаана энэ мэт асуудлыг сөхөж болох магадлал байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэнэ гэсэн бас нэг төлөвлөгөө бий. Үүнтэй Засгийн газрын ажил салшгүй холбоотой. Эдгээр асуудлын хүрээнд дөрөвдүгээр сард болох бага хурлын сценарийг дэглэхээр ерөнхийдөө тохирчээ.



Н.Энхбаяр & С.Баяр


Энэ хоёр эрхмийн хооронд ихээхэн хорсол зангидагдаад байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээс харагдлаа. Харагдлаа ч гэж дээ, бүр өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс энэ нь улбаатай. Н.Энхбаяр тэр цагаас л “МАХН-ын удирдлага намаасаа нэр дэвшигчид үнэн сэтгэлээсээ туслаагүй” гэсэн үг цухуйлгах болсон. Сонгуульд ялагдсанаасаа хойш тэрбээр их улс төрд эргэн ирэхийг чармайж, боломж бүрийн төлөө зүтгэх болсон. Харин С.Баярт бол Н.Энхбаярыг дээш гаргах сонирхол үнэндээ байхгүй. Тиймээс ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан байж улсын баяр наадмын өмнө хийх байсан нөхөн сонгуулийг аравдугаар сарын дунд хүртэл хойшлуулсан юм. Ямар хөзөр гаргавал Н.Энхбаярыг дарж чадах вэ гэсэн тактикийг энэ зуур боловсруулах гэж тэр. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах  асуудлыг шийдэх бага хурлын төлөвлөгөө сарын өмнөөс гарсан байв. Ямар ч үнээр хамаагүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын нэрийг нөхөн сонгуульд дэвшүүлэх гэсэн С.Баяр даргын сценарийг дунд шатны байгууллагууд яс биелүүлсэн. Н.Энхбаяр анхан шатаа сайн додомдож нэгээр гарч ирсэн бол дөрөвт давхиж явсан Д.Зоригтыг дунд шатныхан хийгээд намын удирдах зөвлөлийн хүрээнийхний чармайлтаар нэр дэвшигчээр гарган ирж бага хурлаар батлуулж амжсан. Бүр тэр үед л Д.Зоригтыг МАХН-ын ирээдүйн дарга болгоно гэсэн яриа МАХН-ын дээд удирдлагын төвшинд гарсан юм. Д.Зоригт ч нөхөн сонгуульд ялж, С.Баяр Ерөнхий сайдаас зодог тайлав. МАХН-ын дарга санаандаа хүрч чадсан тул гүйцэтгэх засаглал гэсэн том ачаанаасаа салсан нь тэр. Харин цаг нь иртэл, өөрөөр хэлбэл Н.Энхбаярын “аюул” МАХН-ын даргын сэнтийд нүүрлэхээс сэргийлж чадах хүртэл С.Баярт намын даргын суудлаа хадгалж үлдэх зорилт байсан. Түүнийгээ ч одоо хэрэгжүүлж байгаа. С.Батболдод хоёр албаа зэрэг шилжүүлээгүйн нэг шалтгаан энэ.


МАХН-ын бага хурлын төлөвлөгөөнд намын даргын асуудал тусаагүйг дээр хэлсэн. Хэдийгээр бага хурлаас дарга сонгох эрх байхгүй ч С.Баярыг солих шахалт нам дотор байна уу, үгүй юү, дараагийн залгамж халаа хэн байвал олон нийтийн дэмжлэг хүлээж болох вэ гэдгийг тандах боломж гарна. Гол нь Д.Зоригт хэр давхих вэ гэдэг сорилтыг тавьж үзнэ гэсэн үг.


Н.Энхбаярт МАХН-ын дарга болж, улмаар Ерөнхий сайдаас эхлээд 1997 оноос хойших карьераа дахин эхнээс нь давтах сонирхол өдгөө ч бий. Ийм ч учраас сонгуульд луйвардуулсан гэдгээ телевизээр хэлэв. Ардчилсан намд биш, МАХН-ын дарга С.Баярт луйвардуулсан гэдэг санаа үүний цаана бий. Бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд уяачгүй давхисан, нөхөн сонгуульд “гол гаргуулсан” хоёр зуулт мэдээж байгаа. Тэрбээр С.Баярын талаар дотроо бодож явсан бүхнээ сая зурагтаар цацаж бага боловч дотроо онгойлгох шиг боллоо. Үүний сацуу надад их улс төрд эргэн хөл тавих том зорилт бий шүү гэдгээ ч илэрхийлээд авав. Ингэхээр МАХН-ын бага хурал, түүнээс товлох их хурлын байдал ээдрээтэй болоод ирж байгаа юм. Эндээс МАХН-ын хагарлын үндсэн суурь нь С.Баяр, Н.Энхбаярын хоорондох дажин гэж харагдахаар байна. Гэхдээ үүнээс өөр олон шалтгаан бий. С.Баяр & Н.Энхбаярын зуулцаан бол мөсөн уулын ердөө л орой нь. С.Баяр дарга энэ сард Монголдоо ирэхээр болоод байна. Үндсэн зорилго нь ирэх бага хурлыг өмнөх бага хурлын жишгээр өөрийн аясаар явуулахад оршино.



Д.Зоригт тэргүүтэй залуусын түрлэг


Өнгөн дээрээ УИХ-ын гишүүн, Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт “Надад намын дарга болох туршлага байхгүй. Би улс төрд шинэ хүн” гэсэн даруухан хариулт өгч байгаа ч АНУ-д эмчлүүлж буй С.Баяр даргыг эргэх бүрэлдэхүүнд орсон нь нэгийг өгүүлнэ. Өвчтэй нэгнээ эргэх нь хүний ёс. Гэхдээ том улстөрчийн эргэлтийн багт орно гэдэг бол түүнийг МАХН-ын нэгдүгээр хүн “таалж” байна гэсэн үг.


МАХН-ын үндсэн бүрэлдэхүүний нас үндсэндээ хэвийж яваа. УИХ-ын 2012 оны сонгуульд тэдний нэрийг дэвшүүллээ гэхэд нэгэн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас цааш ажиллах, үгүйдээ ойрын 15 жил улс төрд байх лидер үнэхээр дутагдаад иржээ. Ямар насаараа сонгогддог Лордын танхимынхан биш, баахан буурал тэргүүнтэй өтгөс парламентад сууж байлтай нь биш. Тэгээд ч монголчууд нас ахисан хүн дээш авирахыг нэг их таалдаггүй. Өмнөд хөршийнхөн шиг “манай 60 настай шинэ залуу удирдагч” гэвэл “зайл аа цаашаа”  гэх улс. Тиймээс залуу лидерийн эрэлд мордох нь зүй ёсны хэрэг болоод байна. Бүр тулгамдсан гэж хэлж болно. Тиймээс С.Баяр дарга АНУ-д очсон У.Хүрэлсүх нарт бодлоо шивнэжээ. “Д.Зоригтыг намынхаа нүүр царай болгож 2012 оны сонгуульд залуусыг татна шүү. МАСЗХ-ны удирдлагыг УИХ-д байгаа залуу гишүүдээсээ сэлбээрэй. Залуучуудын байгууллага гэдгийг санаарай. Г.Занданшатар сайд боллоо. Нас 40 шүргэх гэж явна. С.Бямбацогтыг оронд нь болговол ямар вэ. УИХ-д амархан хөлөө олж яваа залуу шүү” гэсэн яриа тэдний хооронд болсон тухай улс төрийн гал тогооныхон хэлэлцэж байна. Ер нь л Д.Зоригтын үеийнхнээр, өөрөөр хэлбэл 1970-аад оныхноор МАХН-ын дээд хүрээг өргөтгөж, нэр дэвшигчдийн олонхийг тэдний дундаас гаргах бодлогыг МАХН барихаар болжээ. Одоо л гэхэд УИХ-д С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Э.Мөнх-Очир, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар гээд шинэ үеийнхэн МАХН дундаас сууж байна. Парламентад учраа олох талаараа ер нь гайгүй яваа залуус. Ийнхүү Д.Зоригтын үеийнхний түрлэг МАХН-д давалгаалан орж ирэх нөхцөл бүрджээ. Ууган намын 89 жилийнхээ ойгоор ийм бодлого гаргахаар шийдэж. Бас 89 залуугаар эгнээгээ өргөтгөсөн байна лээ.


МАХН доторх хагарал, зөрчилдөөн, шинэ үеийн төлөөх өрсөлдөөн, бас хуучнаа сэргээх гэсэн хүслийн огтлолцол ирэх сард улам хурц болох төлөвтэй болжээ.


 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж