“Хөгсүү” чуулга гран-при шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

“Хөгсүү” чуулга гран-при шагнал хүртжээ

Польш улсын Сумовино хотод зохион байгуулсан “Western Piknik, Folk, Blues, Country & Bluegrass Festival”-д ГХЯ, БСШУЯ-наас ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг оролцуулахаар болсон юм. “Хөгсүү” чуулга уг арга хэмжээнд оролцож Монгол Улсаа гадаадын 15 орноос хүрэлцэн ирсэн 30 мянга гаруй хүнд сурталчлан үндэсний хувцас, ардын язгуур урлаг, ёс заншил зэргийг сурталчилжээ.
    
Гурван өдөр үргэлжилсэн олон улсын урлагийн их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Польш дахь Монгол Улс, АНУ-ын элчин сайдын яам, Польш улсын Соёлын яам ажилласан байна.  Монголын тоглолтын хөтөлбөрт Монголоос ЮНЕСКО-гийн Дэлхийн үнэт өвд бүртгүүлсэн найман төрөл, Монголын язгуур урлагийн ховор үзүүлбэрүүд орсон нь уг наадамд оролцогчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авч, наадамд оролцогчид  монголчуудтай хамт зургаа татуулахаар дугаарлаж зогсч байсан аж.

Уг наадмаас Монголооос оролцсон “Хөгсүү” чуулга Гранпри шагнал хүртэж Монгол Улсынхаа нэрийг гаргасан байна. Наадмын тэргүүн байрт АНУ-аас оролцсон Индиан омгийнхон, дэд байрт Германаас оролцсон Моторок хамтлаг, гуравдугаар байрт ОХУ-ын хамтлаг, тусгай байрт Чех улсын товшилт бүжгийн хамтлаг, Польш улсын хүүхдийн хамтлаг тус тус шалгарчээ.

Тус наадамд амжилттай оролцсон “Хөгсүү” чуулгын бүрэлдэхүүнийг Польш улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд А.Ганбаатар хүлээн авч уулзаж баяр хүргэн хүндэтгэлийн зоог барьжээ. Энэ үеэр  “Хөгсүү” чуулгын уран бүтээлчид Элчин сайдын яамны жаврыг үргээж тоглолт хийсэн байна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж