Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахаар албан өрөө рүү нь орлоо. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг өнөөдөр тус бүр хуралдсан боловч тодорхой мэдээлэл хийгээгүй юм. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэсэн байр суурийг бүлгээс гаргасан тухайгаа Н.Энхболд дарга хэлсэн. Харин хэзээнээс эхэлж оролцох вэ гэдэг мөн л тодорхойгүй байгаа юм. Харин Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-тай зөвшилцөх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хувьд бараг тал нь шахам “МАН-ын бүлэгтэй зөвшилцөж ойлголцох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол мөн тал хувь нь шахам гишүүд “Зөвшилцөх шаардлагагүй, одоо олонхийн зарчмаар шууд ажилдаа шуудрах хэрэгтэй” гэж өмнөх байр сууриа хадгалахыг хүссэн аж. Энэ нь чухамдаа МАН-ын дарга болоод Ардчилсан намын дарга хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан аль альдаа талдаа буулт хийж, улс орны эрх ашгийг бодох талд цаг алдалгүй шийдвэрээ гарга гэсэн чиглэл өгөхөөр дуудсан байж болзошгүй тухай яриа дуулдаж эхэллээ.
Г.ДАРЬ