УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болоод байна. Учир нь З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг энэ сарын 14-нд 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх тов гарчээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,8 жилийн ял төлөвлөсөнөө мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэрэгт нотлох баримт дутуу хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэсэн шийдвэр гаргасан юм.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.
Д.ЖАРГАЛ