Дархан хотын ХААИС-ийн Ургамал, газар тариалангийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын секторын эрхлэгч Ц.Алимандаръяа “Алимны модны мөчир залгах” талбайн сургалтыг Ховд аймгийн мэргэжилтнүүдэд заажээ. Тус сургалтыг Цөлжилтийг сааруулах төслөөс зохион байгуулан, ойн төгөл бүхий сургалтын талбайд зааж, Ховд аймгийн сум бүрээс нэг төлөөллүүд оролцсон байна. Энэхүү сургалтыг зохион байгуулж буй Ц.Алимандаръяатай уулзаж, талбайн сургалтын талаар тодруулахад “Цөлжилтийг сааруулах төслийн Ховд дахь төсөл хэрэгжүүлэх нэгж өөрсдөө хамгаалалтын ойн зурвас бүхий талбайдаа чацаргана, үхрийн нүд тарьж бэлтгэлээ сайн хангасан байсан. Алимыг мод залгалтын аргаар л үржүүлдэг. Нөхөн залгалтыг наймдугаар сард хийдэг яг хугацаанд нь хийсэн. 40 гаруй алимны модны залгалт хийж сургагч багш бэлтгэсэн. Залгалтаа сайн хийж чадвал ургах нөхцөл, амьдралт сайн байдаг. Ховд аймаг нь Буянт, Булган суманд алим ургуулж байсан туршлагатай. Энэ сургалтад оролцсон хүмүүс цаашид алим үржүүлгийн суулгацтай учир алимны мөчир залгах үржүүлэх боломж бүрдсэн” гэв. Талбайн сургалтад оролцогчид дадлагажин суралцсанаар жимс жимсгэний орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж Цөлжилтийг сааруулах төслийн зохион байгуулагчид хэлж байлаа.
А.Бямбасүрэн /Ховд/