Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр “Цагаан дариум” арт галлерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүд нь тавигдсан бөгөөд нээлтийн ёслолд оролцсон дүрслэх урлагийн мастерууд түүний бүтээлийг өндрөөр үнэлж, харах, унших зүйл ихтэй гайхалтай мэдрэмж төрүүлсэн, зурсан гэхэд амьд юм шиг л гэрэл сүүдэртэй, өөлөх зүйлгүй уран зургууд хэмээн магтаалын үг харамгүй хайрлаж байлаа.
Түүний үзэсгэлэнд хөрөг зураг давамгайлж байсан ба дүрийн онцлог зан авир, бодол санаа, хүсэл сонирхлыг илэрхийлэн дүр дүрслэл, өнгө бичилтийн уламжлалт техникийг орчин үеийн арга барилтай чадварлаг хослуулан, Монголын нэрт зураачдын арга барилыг өөртөө цогцлоон уран бүтээлдээ шингээсэн нь ийнхүү дүрслэх урлагийн мастеруудыг дуу алдахад хүргэсэн биз ээ. Залуу зураач Б.Отгонтүвдэн нь ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн бөгөөд Монгол Улсаас анх удаа И.Е.Репиний уран зургийн академид багшлах урилга авсан авьяаслаг залуу юм. Түүний чин хүсэл нь И.Е.Репиний нэрэмжит уран зургийн сургуулийг Монголын дүрслэх урлагийн сургуультай холбон авьяаслаг хүүхэд залуусыг урлагийн их ертөнцтэй холбох явдал гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын дараа түүнтэй ярилцлаа.
-Эх орондоо анх удаа бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Баяр хүргэе.
-Сэтгэл их хөдөлж байна. Монголдоо ирээд анхныхаа үзэсгэлэнгийн нээлтийг амжилттай хийлээ. Баяртай байна. Мундаг зураач нар ирлээ. Би энэ жил ОХУ-ын И.Е.Репиний уран зургийн академийн суурь уран зургийн ангийг төгсөөд ирсэн. Тус сургуулийг төгсөхдөө шилдэг оюуны диплом аваад сургуульдаа багшаар үлдэх эрх авсан байгаа. Мөн энэ жил ОХУ-ын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн болсон. Цаашдаа И.Е.Репиний академид багшилж, Монголдоо цаг заваараа ирж, ОХУ-ын алдарт И.Е.Репиний академийг Монголын Дүрслэх урлагийн сургуультай холбох бодолтой байна.
-Үзэсгэлэнгээ ямар учраас “Эмээгийн хөрөг” гэж нэрлэх болов оо?
-Ямарваа нэгэн үзэсгэлэн нэг агуулга, багц сэдвийн дор багтан гардаг. Миний эн удаагийн үзэсгэлэнд хичээлийн ажлууд, этюд, өөрийн чөлөөт зурж байсан зургууд, орос, монгол, казах хүний хөрөг зураг байгаа. Үзэсгэлэнгийн нэрний хувьд их бодож байгаад гол нэг зургийнхаа нэр дээр үндэслэн багш нар, найз нөхөдтэйгээ зөвлөлдөн ярьж байгаад өгсөн. “Эмээгийн хөрөг” бол хүн бүхэнд ойр дотно шүү дээ.
-Үзэсгэлэнд нийт хэчнээн бүтээлээ дэлгэсэн бэ?
-Энэ удаад олон зураг авчирч чадсангүй. 27 зурагтай ирлээ. Голчлон хөрөг зургуудаа түлхүү дэлгэн харууллаа. Дараа жилийн тав, зургадугаар сараас цэвэр үйл явдалтай жанрын зургуудаа авчирч, үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна. Энэ дашрамд “Цагаан дариум” уран зургийн галерейн хамт олонд талархлаа илэрхийлье. Хэдийгээр миний үзэсгэлэн хуваарьт үзэсгэлэнд нь багтаагүй байсан ч бүтээлүүдийг минь үзэж, миний нөхцөл байдлыг ойлгон өөрийн үзэсгэлэндээ танхим гаргаж өгсөнд маш их баярлаж байна. Би хөрөг зураг зурахаас гадна үйл явдал, өгүүлэмжтэй, эрчимт хөдөлгөөнтэй зураг зурах сонирхолтой.
-Багаасаа л уран зураг сонирхон зурж эхэлсэн үү?
-Хүүхэд байхаасаа л дэвтэр тэсгээхгүй их зураг зурдаг хүүхэд байсан. Түүнийг маань манай гэрийхэн цааш нь дэмжин хөгжүүлж, сайн багш нар, найз нөхөд маань их тусалсан.
-ОХУ-д уран зургийн чиглэлээр хэдэн жил суралцсан бэ. Өмнө нь Монголдоо ямар сургуульд сурч байв?
–ОХУ-д найман жил суралцсан. Би наймдугаар ангиа төгсөөд Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургуульд арьсан урлалын ангид н.Ариунцэнгэл багшийн удирдлага дор гурван жил суралцаж, төгссөн. Тэр жилдээ Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангид н.Эрдэнэчимэг багшийн ангид 2002 онд орж, суралцаад 2004 онд ОХУ-ын Воронеж хотод уран зургийн академид очиж суралцах эрх аван дөрвөн жил суралцсан. Тус сургуульд зургаан жил суралцах ёстой ч багш нарынхаа зөвлөж тусалснаар И.Е.Репиний академийн гуравдугаар курс руу шилжин орсон. Тус академид дөрвөн жил суралцаад энэ жил төгслөө.
-И.Е.Репиний академи бол зураач болох хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийн мөрөөдлийн сургууль. Монголын алдартай, нэртэй зураачид социализмын үед тэрхүү сургуулийг төгссөн байдаг. Сүүлийн жилүүдэд тасраад байсан тэрхүү гинжин холбоог дахин сэргээж, нэр хүндтэй сургуульд хэрхэн элсч орсон бэ. Мэдээж сургуулийн босго өндөр байлгүй?
-Энэ сургуулийг би мөрөөдөж явсан болохоос ингээд суралцаад төгсөнө гэж бодоогүй. Намайг Воронеж хотод сурч байхад багш нар маань их тусалсан. Уран зургийн багш маань И.Е.Репиний академийн графикийн ангийг дүүргэсэн хүн байсан. Тэр багш маань л намайг И.Е.Репиний академид явуулсан хэрэг. Ер нь тус академид оросууд ч гэлтгүй гадаадын оюутнууд конкурс өгч орно. Дор хаяж, хоёроос гурван жил конкурс өгнө. Миний мэдэхээр тэнд 15 жил конкурс өгч, бэлтгэл курст сурч байгаа оюутан байсан. Манай ангид гэхэд БНХАУ-ын Шанхай хотын уран зургийн академийн багш, 50 хүрч байгаа зураач хүртэл байсан. Ерөнхийдөө өмнө нь уран зургийн сургууль академийг төгссөн зураач ч гэсэн нэгдүгээр дамжаанаас эхлэн суралцдаг юм билээ. Монгол хүний заяа түшнэ гэдэг шиг босго өндөртэй мөрөөдлийнхөө сургуульд суралцан төгсч, багшаар ажиллах болсондоо маш их баяртай байгаа. Хамгийн гол нь хөдөлмөр хүнийг хөгжүүлдэг гэдэгтэй санал нийлдэг. Энэ бүхний төлөө би маш их хөдөлмөрлөсөн.
Анх Воронеж хотод очиж байхад хөрөг зурж үзээгүй, давуун дээр зураг зурах нь бүү хэл тосон будаг ч гэж мэдэхгүй, нэг ч удаа тосон будагтай ажиллаж үзээгүй, миний төвшин хамгийн доор байсан ч би өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцсэн. Тасралтгүй зураг зурдаг байлаа. Тэгээд хоёрдугаар курсээ төгсөхдөө Воронеж хотод сургуулийнхаа сайчуулын төвшинд, дөрөвдүгээр курстээ лидерүүдын хэмжээнд хүрсэн болохоор багш минь надад И.Е.Репиний академийг зөвлөсөн болов уу.
-Одоо И.Е.Репиний академид монгол оюутан байдаг уу. Монгол Улсаас хамгийн сүүлд хэзээ монгол оюутан төгссөн байдаг вэ?
-Одоогоор нэг ч монгол оюутан байхгүй. Хамгийн сүүлд 1995 онд монгол оюутан тус академийн баримлын ангийг уран барималчаар төгссөн байгаа. Манай багш нарын мэддэгээр уран зургийн ангийг хамгийн сүүлд 1989 онд монгол оюутан төгссөн гэдэг.
-Дэлхийд данстай, өндөр шалгууртай тус сургуулийн сургалтын төлбөр ямархуу байдаг вэ?
-Намайг анх сурч байхад 5000 евро байсан. Сүүлийн хоёр жил төлбөр нь нэмэгдээд 7000 евро болчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд байнга л нэмэгдэж байгаа. Энэ нь БНХАУ, АНУ, Европын оюутнууд их ирж, сурч байгаатай холбоотой болов уу.
“Эмээгийн хөөрөг” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл “Цагаан дариум” арт галлерейд нийтийн хүртээл болно.