Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Нөхөрлөлийн үнэ цэнэ

ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон 2010 оны дэлхийн аваргад 59 кг-ын жинд түрүүлж, чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин С.Батцэцэг өчигдөр олимпийн дэвжээнд хүч үзэж, хүрэл медалийн тавцанд гарлаа.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Туркийн Стамбул хотноо болсон дэлхийн аваргад 63 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэнээр О.Насанбурмаа чөлөөтийн тамирчдаас олимпийн анхны эрхийг хүртсэн билээ. Харин олимп эхлэхээс сар хүрэхгүй хугацааны өмнө МЧБХ олимпийн баг бүрэлдэхүүнээ зарлахдаа О.Насанбурмаагийн оронд С.Батцэцэгийг олимпийн дэвжээд сойх шийдвэр гаргасан юм. Тухайн үедээ спорт сонирхогчдыг талцуулж, холбооны шийдвэр зөв, буруу тухай шүүмжлэл хэсэгтээ дагалдсан.

Ямартай ч С.Батцэцэг гавьяат олимпийн дэвжээнд амжилт үзүүлж, чөлөөтийн тамирчдын 32 жил хүлээсэн медалийн цангааг тайлж, олимпийн хүрэл медалиар энгэрээ чимлээ. Нутаг нэгт монголчуудынхаа өмнө хүлээсэн итгэл найдварын галыг бөхөөхгүйн зэрэгцээ С.Батцэцэгийн амжилт үзүүлэх чухал шалтгаан нь О.Насанбурмаа байсан биз. Бэлтгэлийн зааланд хамтдаа хөлс хүчээ дуслуулж, нэгнийхээ бэлтгэлийг хангаж, нөхөрлөсөн О.Насанбурмаа “жинжав”-ыгаа олимпийн медалийн тавцанд гарахад баярын нулимстай догдлон зогсчээ.

Баярын нулимстай тэврэлдэн зогсох хоёр бүсгүйн гэрэл зургийн цаана нөхөрлөлийн үнэ цэнэ оршиж буй.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж