“Статистик-2012” зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

“Статистик-2012” зөвлөгөөн болж байна

Үндэсний статистикийн хороо нийслэл, аймгийн статистикийн газар хэлтсийн нийт ажиллагсадын “Статистик-2102” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Төрийн ордны Их танхимд болж буй “Статистик-2012” зөвлөгөөнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрс болон бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцож байна. Тус зөвлөгөөнийг Үндэсний статистикийн дарга С.Мэндсайхан нээсний дараа оролцогчдод баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын статистикийн байгууллага улс орны амьдралын бүхий л хүрээг хамарсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх тогтолцоог бүрдүүлж, дэлхийн олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, арга зүйгээр тооцон гаргаж, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал “Статистикийн тухай” хуулийг батласнаар тус байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдэж, үйл ажиллагааных нь зарчим, чиглэл, статистикийн байгууллага, мэдээлэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага тодорхой болсон билээ. Улс орнууд үндэсний статистикийн байгууллагынхаа чадавхийг бэхжүүлж, үнэн зөв, цаг үеэ олсон статистик мэдээллийг боловсруулан гаргахад анхаарал хандуулж байна. Манай статистикийн байгууллага ч энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын статистикийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, олон улсын статистикийн хөгжилд ямар байр суурь эзэлж байгааг дүгнэж ярилцах, цаашдын зорилтоо тодорхойлох юм. Зөвлөгөөний бас нэг гол зорилго нь нийт ажилтнуудын онол, арга зүй, техник технологийн мэдлэгийг дээшлүүлэх, статистикийн хөгжлийн дэлхий дахины хандлагын талаар мэдээлэл өгөх, салбарын ажилтнуудыг нэгдсэн нэг сэтгэл, зорилготой, хамтач, нэгдмэл байр суурьтай болгоход чиглэгдэж байгаа аж.

Манай улсын 1924 оны анхдугаар Үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан өгсөн түүхэн эхлэлтэй бөгөөд Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд “Тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулбал зохино” гэж зааж, 1924 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэр бүеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор анх орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг байна.

Төрийн ордны Их танхимд болж буй Үндэсний зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэн явагдах юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН “СТАТИСТИК-2012”  ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭЭЛТ ДЭЭР  ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт статистикчид аа!

Статистикийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэнд “Статистик-2012”  зөвлөгөөнийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын статистикийн байгууллага улс орны амьдралын бүхий л хүрээг хамарсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх тогтолцоог бүрдүүлж, дэлхийн олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, арга зүйгээр тооцон гаргаж, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурал “Статистикийн тухай” хуулийг батласнаар тус байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдэж, үйл ажиллагааных нь зарчим, чиглэл, статистикийн байгууллага, мэдээлэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага  тодорхой болсон билээ.

Улс орнууд үндэсний статистикийн байгууллагынхаа чадавхийг бэхжүүлж, үнэн зөв, цаг үеэ олсон статистик мэдээллийг боловсруулан гаргахад анхаарал хандуулж байна. Манай статистикийн байгууллага ч энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын статистикийн хорооны нэр хүнд олон улсын түвшинд өсч, хамтын ажиллагаа өргөжиж байна. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл (НҮБЭЗНЗ)-ийн чуулганаас Монгол Улсыг НҮБ-ын Статистикийн комиссын жинхэнэ гишүүнээр анх удаа сонгосныг зориуд энд тэмдэглэн хэлмээр байна.

Дэлхийн банкны зээл, буцалтгүй тусламжтайгаар үндэсний статистикийн системийг 2010-2014 онд хөгжүүлэх МОНСТАТ төсөл амжилттай хэрэгжиж  байгаа нь Монгол Улсын статистикийн албаны чадавхийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй. 

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсын үндэсний статистикийн  мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний системийг боловсронгуй болгох “МОНСИС” төсөл хэрэгжсэн  нь  Монгол Улсын статистикийн салбарын мэдээллийн технологийн хөгжилд чухал дэвшил болно гэдэгт итгэж байна.

Үндэсний статистикийн байгууллага урьд урьдаас  илүү эрч хүчтэй, үр дүнтэй ажиллахад мэдээллийн  технологийн орчин үеийн  ололтыг үр бүтээлтэй  ашиглах явдал чухлыг зориуд  онцлон  тэмдэглэе.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бодит тооцоо, судалгаанд тулгуурлан шийдвэр гаргадаг байх зарчмыг хэрэгжүүлэх зорилт чухлаар тавигдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд нийгмийн олон талт амьдралын хөгжил, хувьсал өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжилж, хараат бус үнэлгээ өгдөг статистикийн байгууллагын гүйцэтгэх үүрэг улам бүр  чухал болж байна.

Энэ ажилд өөрийн орны болон гадаадын өндөр мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хүчийг ашиглах талаар дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй.  

Төрийн бодлого, хууль тогтоомжид нийгэм, эдийн засгийн бодитой тооцоо, судалгааны үр дүнг тусгах, түүнчлэн банк, санхүү, эдийн засгийн салбарт үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг энд онцлон хэлмээр байна.

Та бүхний ажил үйлсэд улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж