Олимпийн алт ямар үнэтэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Олимпийн алт ямар үнэтэй байна вэ?

Олимпийн тоглолтын ялалт нь тамирчин хүний хүрэх хамгийн дээд үзүүлэлт юм.  Алтан медаль нь тамирчдын хамгийн том шалгуураас гадна хүнд алдар нэр, өглөгч ивээн тэтгэгчдийг авчирдаг. Магадгүй өглөгч бус дэмжигч ч бас таарч болох л юм? Лондоны олимпийн эхлэл Германы тамирчдын хувьд төдийлөн амжилттай байсангүй. Тэд анхны алтан медалиа тоглолтын дөрөв дэх өдөр морин спортын гурван төрөлтийн багийн тэмцээнд авсан юм. Тэдний амжилт сул байгааг хэрхэн тайлбарлах вэ? Бэлтгэл муу юу, сэтгэл санааны дарамт байна уу эсвэл ийм том тэмцээнд оролцох туршлага дутав уу, магадгүй шагнал нь бага байсан юм болов уу?

Олимпийн медаль авсан ямар ч тамирчин эх орныхоо хишиг хүртэхгүйгээр өнгөрөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шагналын хэмжээ нь л өөр өөр. Жишээлбэл, ХБНГУ-ын тамирчид алтан медаль авбал Deutsche Sporthilfe гэх тамирчдыг дэмжих сангаас тус бүр 15 мянган еврогоор шагнана. “Баяжина гэсэн найдлагатайгаар Олимпийн тоглолтод оролцохоор шийдсэн хүн нь манай системд тохирохгүй” гэж уг сангийн захиргааны дарга Михаэль Ильгнер (Michael Ilgner) тэмдэглэсэн байна.

Шагналууд нь тэр чигтээ алт

Гэхдээ улс орон бүр тамирчдыг шуналгүй болгон хүмүүжүүлэх гэдэггүй. Олон орны засаг төр, ивээн тэтгэгчид олимпийн баатрууддаа шагналын мөнгөө хайрладаггүй. Тухайлбал, Малайзын нэгэн хувийн алтны компанийн эзэн энэ орны анхных болсон олимпийн аваргадаа бараг хагас сая еврогоор үнэлэгдэх алтан гулдмай бэлэглэж байлаа. Лондоны олимпоос алт хүртсэн тамирчдынхаа гарыг 200 мянган еврогоор цайлгахаар Казахстан шийдсэн.
 


Олимпийн ялалт-хэзээ ч мартагдахгүй эгшин

Олимпод Бразилийн хөлбөмбөгчид амжилт гаргавал хоосон үлдэхгүй. Харин Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтсан бол алтанд умбах байж. Америкийн сэлэгчдийн амжилтын албан ёсны үнэлгээ нь 75 мянган доллар бөгөөд дэлхийн дээд амжилт тогтоох бүрд нь тусгай шагнал амласан. Фелпс Бээжингээс найман алтан медаль авсан. Гэхдээ ч тэрээр Лондонгоос гар хоосон буцахгүй.  Зүүн Европ Олимпийн медальтнууддаа мөнгө хайрлахгүй байгаа. Оросын тамирчид гэхэд л алт бүрийнхээ төлөө 100 мянган евро авна. Мөн Белорусь, Болгар, Литви ийм хэмжээний мөнгө аваргууддаа амласан.

Харин Египет 130 мянган еврогоор, санхүүгийн сайн биш байдалтай Итали 140 мянган еврогоор алтан медалийг тус тус үнэлжээ. Тэдэнтэй харьцуулахад герман тамирчид бараг л хоосон зөвхөн сэтгэлээрээ зүтгэж байна гэхээр.


Дэвжилт бас уналт

Ер нь бол Олимпийн ялалт олон тамирчдын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирдаг. Туялзуур жадны сэлмийн төрлийн тамирчин Бритта Хайдеман (Britta Heidemann) Бээжингийн тоглолтын ялагч болсны дараагийн гурван жилд нь рекламын зураг авалт, янз бүрийн телевизийн шоу болон ярилцлагад булагдаж. Ингэж завгүй “байсан” аврагч харин Италид болсон 2011 оны тэмцээнд хамгийн сүүлчийн 126 дугаар байр эзэлсэнд гайхах зүйл байхгүй биз.

Дашрамд дурьдахад, Германы сэлэмч Лондоны олимпоос мөнгөн медаль аван германчуудын медалийн үүдийг нээсэн юм. Бээжингийн олимпийн туялзуур жадны аварга Беньямин Кляйбринк (Benjamin Kleibrink) бараг хоёр жилийн завсарлага авах шаардлагатай болсон. Гэтэл тэрээр Лондонд дөнгөж 18 дугаар байранд оров. Харин Германы биатлоны од бөгөөд дэлхийн 12 удаагийн аварга Магдалена Нойнер (Magdalena Neuner) алдар хүндийнхээ оргил 25 насандаа их спортыг орхихоор шийдсэн юм.

Нэг их алдартай биш тамирчид рекламны талбарт нэртэй хөлбөмбөгч, сагсан бөмбөгч эсвэл хөнгөн атлетикчидтай өрсөлдөхөд мэдээж хэцүү. Харин олимпийн тоглолтоор телевиз болон ивээн тэтгэгчид сонирхлоо гаргаад байдаггүй спортын төрлүүд богино хугацаагаар сэргэж ирдэг. Дараа нь медалийн гялбаа нь бүдгэрч, анхаарал татахаа больчихдог.

“Ялалт гол нь биш. Оролцох нь гол нь” гэсэн олимпийн зарчим бий. Үүнтэй Германы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах (Thomas Bach) санал нэгтэй байна. “Тамирчид сэтгэлийнхээ дуудлагаар спортоор хичээллэдэг. Харин Олимпийн тоглолтод ялалт байгуулан баяжих зорилготой хүмүүс хонжворт сугалаагаар азаа үзэж байвал таарна” хэмээн тэрээр хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж