“Евро-бүс” алдуурахын өөр нэгэн учиг

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

“Евро-бүс” алдуурахын өөр нэгэн учиг

Өнөө
цагт Европын тухай ярьж эхэлмэгц л “хөгшин” хочтой энэ тивийн эдийн
засгийн хямралыг заавал дурддаг болсон. Гэтэл эдийн засгийн хямрал
хэмээх аюулт “мангасын” сүүдэр дор түүнээс дутахааргүй заналхийлэл
дагуулсан өөр нэгэн хямрал бас хүлээж байгаа аж. Энэ бол Европ тивийн
хүн ам цөөрч, харин цагаачдын тоо улам бүр өсөн нэмэгдсээр байгаа бодит
хямрал юм.

Өөрсдийгөө яая гэж байхад…  

Өнгөрсөн
долоо хоногийн амралтын өдрүүдээс эхлэн Грекчүүд суу билэгт их
мэргэдийн нутаг орноосоо цуу дуулиан дагуулсан “цэвэрлэгээ” хийж эхлэв.
Үндсэндээ буурай хөгжилтэй орны цагаачдын Өрнөд Европ руу дамжин нэвтрэх
үүдний хонгил шахуу болох гээд байсан Грек улсын цагдаа нар цагаач
нарыг олноор нь баривчилж хөөн гаргах болжээ. Эхний ээлжинд Грекийн
нутгаас 1600 гаран хууль бус цагаачдыг хөөн гаргаж амжсан байна. Энэхүү
шийдвэртэй арга хэмжээ цаашид ч үргэлжлэх болно гэж Грекийн засаглалын
тэргүүн мэдэгдэж байгаа бөгөөд дахиад 6000 орчим цагаачийг баривчлаад
байгаа гэнэ. Грекийн иргэний асуудал хариуцсан сайд Никос Дендяьас эрс
хатуу дээрхи шийдвэрийг хамгаалан хэлэхдээ Грекийн эдийн засгийн
өнөөгийн гачигдалтай байдал цагаачлалын “дайралтыг” тэсэж чадахгүйд
хүрээд байгаа гэж тайлбарласан байна. Мөн тэрээр цагаачлалын өнөөгийн
нөхцөл байдал Грекийн нийгэм болон улс орных нь хувьд тэсрэх бөмбөг шиг л
аюултай зүйл болоод байна гэж хэлсэн аж. Грекийн сайд хэлэхдээ “Бид
цагаачлалыг хяналтдаа байлгах боломжийн бүтэц бий болгосон хэдий ч энэ
бүхэн нуран унаад байна” гэж мэдэгдсэн юм. Өнгөрөгч ням гаригт гэхэд л
88 цагаачийг нь Пакистанд буцаан явуулсан бөгөөд цаашдаа дахин цагаач
нарыг хил нэвтрүүлэхгүйн тулд хил орчмын хяналтын дэглэмийг онцгой
анхаарахаа мэдэгдэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ Грек улс Турктэй хил
залгаа байршлуудад байгаа хил хамгаалалтын хүчээ нэмэгдүүлж, харуулын
цэгүүдийн тоогоо өсгөсөн бөгөөд Сирийн нөхцөл байдал хурцдаж байгаатай ч
энэ арга хэмжээ холбоотой бололтой. Грекчүүдийн үзэж байгаагаар бол
Сири болон Туркийн байдал хурцадвал Сирийн зүгээс өгөх цохилтоос зугтах
дүрвэгсэд Туркээс олноороо орж ирнэ гэсэн болгоомжлолтой байгаа аж.

Ер
нь ч Грек улс нэлээд эртнээс Өрнөд рүү дамжих гарц болчихоод удаж
байгаа бөгөөд Европын холбооны улсууд руу гарч байгаа нийт цагаачлалын
80 хувь нь энэ улсаар дамждаг гэсэн тоо баримт ч бий. Энэ бүх бодит
байдал нөгөө талаараа Грекийн дотоодын улстөрд ч донсолгоо болж байгаа
аж. Грекийн одоогийн улстөрийн зарим төлөөлөл хууль бус цагаачлалын
эсрэг илүү хатуу ширүүн бодлого явуулж, өндөр “босго” бий болгохыг
уриалах болжээ. Хамгийн сүүлд явагдсан Грекийн парламентийн сонгуулиар
хууль тогтоох байгууллагад төлөөлөлтэй болж амжсан хэт барууны үзэлт
намын зүгээс илтэд ялгаварлан гадуурхсан үйлдэл хийж эхэлсэн байна.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус намынхан Грекийн
парламентийн гадаа цугларч хүнсний тусламж хүссэн хүмүүсээс зөвхөн грек
иргэдэд л хүнсний бүтээгдэхүүн тараасан байна. Энэ мэт гадуурхсан үйлдэл
олон гарах хандлагатай болсны улмаас Грек улс олон улсын хүний эрхийн
байгууллагуудын хатуу ширүүн шүүмжлэлийн бай болж байгаа аж. Хүний
эрхийн “Эмнести Интернэшнэл” байгууллагын зүгээс Грек улсад хоног
төөрүүлэх байр хайж байгаа цагаачдыг гэмт хэрэгтэн шиг баривчлан
саатуулж, цагдаагийн тусгаарлах байранд аваачиж байгааг эсэргүүцэн
мэдэгдэл хийж байгаа гэнэ. Харин Грекийн талаас цагаачдын эсрэг хийж
байгаа тэмцэлд нь Европын орнууд илүү их туслах шаардлагатай байгаа
тухай мэдэгдээд хамтран идэвхи гаргахыг уриалж байгаа ажээ.

“Кун ахтен, дэйл захтен”…

Дээхнэ
үед монголчууд Зүүн Германы сургуулиудад сурч байхдаа дээрхи инээдтэй ч
гэмээр хэллэгийг бий болгосон гэдэг. Ухаандаа “Хүн ахтай, дээл захтай”
гэсэн монгол хэлц үгийг герман “дэглэлттэй” болгож байгаа хэрэг. Гэтэл
өнөөгийн нэгдсэн Германд иймэрхүү маягаар герман хэлийг хувиргаж ярихдаа
хүрээд байгаа тухай гомдлыг Германы Лейпцигийн их сургуулийн хэл зүйн
ухааны профессор Уве Хинрихс гаргаж иржээ. Түүний хэлж байгаагаар бол
тус улсад улам бүр өсөн нэмэгдсээр байгаа цагаач иргэдийн нөлөөгөөр
герман хэл ч бас “холимог “ болж байгаа гэнэ. Тэрээр дөрвөн хүн тутмын
нэг нь уугуул герман биш болсон нийслэл Берлиний хүн амын дунд судалгаа
хийж үзээд бараг л цочирдсон гэнэ.Учир нь цагаач нарын нөлөө эртний
уламжлалт герман хэлэнд түүний бодож байснаас хамаагүй илүү ихээр
нөлөөлж байгаа ажээ. Тухайлбал герман хэлний дүрмээр бол дөрвөн тийн
ялгал байх ёстой атал эдгээрийг байнга хольж хутгаж байдаг цагаач нарын
“лай”-гаар сүүлийн үеийн герман залуус ч бас хольж хутган хэрэглэдэг
болж байгаа юм байх. Тэгээд ч зогсохгүй сонгодог герман хэлэнд маш
чухалд тооцогддог үйл үгийн төгсгөлийн тухайд бүр ч замбараагүй болсон
бөгөөд ер нь ч хэрэглэхээ больсон гэж байна. Сонирхуулахад Германд улам
бүр олноороо очиж байгаа оросуудад зургаан тийн ялгал байдаг бол польш,
хорватуудад долоон тийн ялгал байх жишээтэй байдаг аж. Тэгвэл Германы
цагаачдын олонхийг бүрдүүлдэг туркүүд өгөх оршихын болон харьяалахын
тийн ялгалаа хольж хэрэглэдэг гэнэ. Энэ мэт хэл соёлын будилаантай
байдал өнөөгийн герман хэлийг бүр ч будилаантай болгож байгаа бололтой.
Германчууд ч гэхгүй, ер нь Европын олон оронд хэл соёлын бүсээ
чангалахгүй бол оройтож мэдэх нь гэж ярьцгаах болсон байна. Гэх мэт
цагаачлалтай холбоотой асуудал өнөөгийн Европын бас нэгэн хямралыг
зөгнөж байгаа гэнэ. Гэвч уугуул иргэд нь өсч үржиж өгөхгүй болохоор
цагаачдыг хүлээж авахаас өөр яах ч юм билээ. Хүн амын өсөлт харьцангуй
тогтвортой байгаа Их Британи болон Францыг эс тооцвол Евро-бүсийн орнууд
бүхэлдээ хөгшрөлт болон хүн амын бууралттай холбоотой хямралд ойрын
арван жилд нэрвэгдэж мэдэхээр байгаа ажээ. Тэр дундаа Зүүн Европын
орнууд болон Герман, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнууд ч тэр хүн ам нь
буурах хандлагатай байгаа нь эдийн засгийн өсөлтийг бүр ч нурааж
мэдэхээр байдалд хүргэх гэнэ. Үүнтэй зэрэгцээд дээрхи орнуудад тэтгэвэр,
халамжийн зардал улам бүр өсөж байгаа нь байдлыг бүр ч хүндрүүлж байгаа
хэрэг. Өнөөгийн хүн амын өсөлтийн дүн байдлыг үндэслэн гаргасан
судалгаагаар бол Польш улс одоогийн 39 сая хүнийхээ долоон саяыг нь 2060
онд алдах магадлалтай байгаа аж. Тэгвэл тухайн цаг үед Германы одоо
байгаа 83 сая гаруй иргэний тоо хэмжээ 20 саяар буурна гэсэн тооцоо
гараад байгаа юм байна. Нөгөө талаар хуучин цагт Европыг иргэншлийн
өнөөгийн зонхилогч бүтцийг анх бий болгосон гэдэг утгаар нь “хөгшин
Европ” гэдэг байсан бол удахгүй ерөөсөө л хүн амых нь бүтцээр тэгж
нэрийдэхээс өөр аргагүйд хүрэх гэнэ.

Өнгөрсөн 20-р зуунд Европын
орнуудын хүн амд эзлэх 65-аас дээш насныхны хувь хэмжээ 11.5 хувь
байсан бол 2060 он гэхэд 33 хувьд хүрэх гэнэ. Өөрөөр хэлбэл гурван европ
хүн бүрийн нэг нь өтөл настай болж ирэхээр байна. Онцгой хурдан хөгширч
байгаа орнуудын нэг нь болж байгаа Итали улс гэхэд 2060 онд иргэдийх нь
дундаж нас 50-аас дээш болох ажээ. Нөгөө талаар дээрх Евро-бүсийн
орнуудын хүн ам ч бас их өөрчлөлтийг хүлээж байна.Энэ бол хүн амын
дутмагшлыг нөхөж байгаа цагаач нарын асуудал билээ. Герман улсад гэхэд
жил бүр 100 мянган цагаач очдог гэх бөгөөд уугуул герман үндэстнүүдээс
гадаадад гарах үзэгдэл их байгаа нь цагаачдын эзлэх хувийг бүр ч өсгөж
байгаа аж. Сүүлийн арван жилд уугуул герман иргэдээс 700 мянга нь харь
улсад очиж амьдрах болсноор тэдний орон захыг нөхөхийн тулд гадаад
орноос дор хаяж хагас сая цагаач авахад хүрч байгаа юм байна. Гэтэл ийм
маягаар хүн амаа нэмэгдүүлэх нь олон зуун жил хэвшиж ирсэн Евро-бүсийн
орнуудын нийгмийн төлөвшлийг эвдэхэд хүрч байгаа ажээ. Өөр өөр хэл
соёлтой, газар газрын хүмүүсийг нэг талаас уугуул иргэд нь хүлээж авахад
бэлэн биш байгаа бол цагаач нарын хувьд ч мөн суугуул нутагтаа
гадуурхагдаж байх хүсэлгүй байгаа хэрэг. Тиймээс Европын бүс алдуурахын
хэрээр өвөр лүү нь цутгаж байгаа цагаачдын урсгал ихэссэн нь өнөөгийн
эдийн засгийн хямралаас дутахгүй аюул тарих вий гэж хөгшин тивийнхэн
санаа зовсоор сууна…

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж