– Яг өнөөдрийн байдлаар Тарбозавр динозаврыг эх оронд нь авчрах асуудал юу болж байгаа талаар сонирхохоос яриагаа эхэлцгээх үү. Сүүлд сонсохнээ хоёр болоод ирэх сураг дуулдсан?
– Тарбозаврбатаарыг зарах гэж байсан хүн дахиад өөр нэг динозаврыг Калифорни мужийн нэгэн хувийн үзэсгэлэнд зарсан байна гэдгийг олж тогтоосон байна билээ. Тухайн үзэсгэлэнгийн эзэнд хуулийн байгууллагаас нь хариуцлага оногдуулж хууль бусаар авчирсан динозаврыг нутагт нь буцаа гэсэн зааварчилгаа өгсөн байсан. Ингээд Монголын говиос алдагдсан хоёр динозавр хамтдаа нутагтаа ирэх боломжтой болсон.
-Ер нь хэдий үед ирүүлэх боломжтой вэ. Тэгээд авчраад хаана хадгалах юм бэ?
-Авчраад хэрхэхийг Палентлогийн хүрээлэн, БСШУЯ шийдэх болов уу, миний бодож буйгаар тэдгээр том Тарбозавр батааруудад зориулсан томхон үзвэрийн музей байгуулах нь зүйтэй. Яагаад гэвэл бол маш том үзмэр. Арчилгаа зэргээс эхлээд агаарын хэм, чийглэг зэрэг орчныг бүрдүүлсэн том орон зай хэрэгтэй. Ясыг муутгахгүй хадгалах стандарт гэж бий. Нөгөөтэйгүүр томоохон үзмэртэй музей байгуулагдах нь орон нутгийн эдийн засаг, соёл урлагыг дэмжих ач холбогдолтой.
-Та энэ асуудлаар Ц.Нямдорж сайдад албан бичиг явуулсан. Гишүүд зарим тохиолдолд улс төр хийх гэж, өөрсдийгөө рекламдах гэж ийн асуулга, асуулт илгээдэг. Ийм зүйл биш гэдгийг чинь мэдэхийн тулд таны ийнхүү албан бичиг илгээсний ач холбогдол нь юу вэ гэдгийг тодотгож асууя? Ач холбогдол, үр дүнгүй зүгээр нэг асуулт байгаагүй биз?
-Миний асуулт маш тодорхой хариулт авахыг л хүссэнд байгаа. Өөрийнхөө мэдэхгүй мэдээллийг мэдэж, сонгогчдод энэ талаар мэдээлэх зорилготой. Сонгогчид миний сонгуулийн сурталчилгааны явцад энэ Тарбозавр батаарын асуудалд санаа тавьж буйг мэдэж байсан. Иймд энэ тухай, тодруулбал, мессеж, и-майлээр “Та энэ динозаврын асуудлыг тодруулаач” гэх хүсэлтүүд ихээр ирсэн. Ингээд иргэдийн мэдэхийг хүсч буй зүйлийг тодорхой мэдэхийн тулд асуулт тавьсан. Түүнчлэн Монголын үндэсний соёлын өвийг улстөрчид, төр засаг нь хамгаалалцаж байх ёстой. Ингэж анхаарснаас дараа дараагийн үнэт өв хар гараар орохоос хамгаалагдаж чадна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс хийж чадах зүйлээ хийж оролцлоо. БСШУЯ-наас ч мөн ажлын хэсэг гарч судалгаа шинжилгээний ажил хийлээ. Одоо УИХ-ын зүгээс хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй байна. УИХ-ын хяналт шалгалтын институцийн үүргээр оролцох ёстой гэдэг утгаар нь асуулга тавьсан.
-Динозавр ойлгомжтой боллоо. Өчигдөр танай эмэгтэйчүүдийн бүлэг амаржих газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэр амжилттай болов оо?
-Хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдсан. Маш олон эмэгтэйчүүдийн байгууллага, эрүүл мэндийн газрууд, эрүүл мэндийн барилга байгууламж барьж буй компаниуд, захиалагч нар, эх нялхсын асуудалд санаа тавьдаг мэргэжлийн хүмүүсийн оролцсон ажил хэрэгч хэлэлцүүлэг болсон. Амаржих газар, эх нялхсын асуудлыг тал бүрээс нь хэлэлцсэн. Одоо эмэгтэйчүүдийн бүлэг энэ долоо хоногоос эхлээд энэ жилийн улсын төсөвт ямар асуудлыг голчлон батлуулах вэ, хэдэн төгрөгийг хааш нь чиглүүлэх вэ гэдгийг шийдэж саналаа нэгтгэхээр болсон. Есөн эмэгтэй гишүүн маань саналаа нэгтгэж чадвал тэр нь байнгын хороон дээр шууд дэмжлэг хүлээх магадлал байгаа. Өнөөдөр жишээ нь Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаад даргаа сонгосон. Эмэгтэй хүнийг энэ байнгын хороонд сонгож анхаарал хандуулж байгааг ойлгож буй байх. Эх нялхсын асуудал, цэцэрлэг, боловсрол гээд эмэгтэйчүүдийн санаа зовж байдаг бүхий асуудал Нийгмийн бодлогын байнгын хороогоор дамждаг. Энэ байнгын хороонд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүчтэй байлгах хүсэлтэй байгаа. Бид энэ хороонд төсөв батлагдах үед дээрх асуудлыг шийдэхэд бэлэн хүч, бэлэн саналын эрхтэйгээр оролцох сонирхол бий.
-Та МАН-ын гишүүдийг бүлгийн гишүүд гэж харж байгаа юу, сул гишүүд гэж харж байна уу?
-Одоогоор бүлэг болох магадлалтай сул гишүүд гэж харж байгаа.
-Яагаад?
-УИХ-ын дэгийн тухай хууль нь цементээр цутгаад хийчихсэн мөнхийн зүйл биш. Тус хуульд шаардлагатай үед өөрчлөлт оруулж болдог. Одоогийн байгаа Дэгийн тухай хуульд бүлэг байгуулах боломжоо нэгэнт алдчихсан. De jure байдлаараа сул гишүүд, De facto байдлаараа бол мэдээж үзэл санаа нэгтэй, байр суурь нэгтэй хүмүүс шүү дээ. Тэр утгаараа чуулганы хуралдаанд хамтран оролцоод, олонх цөөнхийн хүсэл сонирхлоо илэрхийлээд өөрсдөө хуулиа санаачлан бүрэн эрхээ чөлөөтэй эдлээд хуульд өөрчлөлт оруулах бүрэн боломж бий.
-З.Энхболдыг УИХ-ын даргаар томилсон шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд МАН-ынхан өгөөд байгаа. Цэц та бүхэнд сөрөг шийдвэр гаргавал хууль эрх зүйн хувьд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Тийм шийдвэр гарахгүй байх. Энд хуулийн ганц шийдвэр гарах учиртай. Тэр нь олонхиороо асуудлаа шийдээд, асуудлаа хэлэлцсэн хүмүүсийн олонх нь шийдвэрээ гаргах зарчим. Тэр шийдвэрийг УИХ-ын дарга нь тийм хүн байвал шийдвэр хүчинтэй гэдэг зүйл аль ч хуульд байхгүй. Аль ч ардчилсан улсын хуульд шийдвэр хүчинтэй эсэх маргаан нь ирцийн маргаан л бий. Ирц дээр маргаангүй байхад УИХ-ын өдийг хүртэл гаргасан шийдвэр унана гэсэн хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох шүүх хурлын шийдвэр гарсантай холбогдуулан засаг төрийн ажилд нөлөөлөх зүйл гарч байна уу?
-Одоогоор нөлөөлөх зүйл гараагүй байна. Ер нь нөлөөлөх зүйл ч гараагүй байна. Аливаа шүүхийн шийдвэр хараат бус байх ёстой. Засаг төрийн ажил ч шүүхийн шийдвэрээс хараат бус байх ёстой. Засаглалын эрх мэдэл тусдаа байх гэдэг үүн дээр л харагдах ёстой.
-Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зохион байгуулсан гэж МАХН-ын гишүүд хэлнэ билээ?
-Энэ бол хувь хүний л үзэл бодол.
-Байнгын хороодын ирцтэй холбоотой хуулийн заалтыг өөрчилж дөрөв таван хүн л шийдвэр гаргах боломжтой болголоо. Энэ нь цаашид урхагтай хэмээн МАН-ын гишүүд эсэргүүцэж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Урд өмнөх байнгын хороодын ирцийг хараад байвал одоогийн ирцээс илүү гараад байх зүйлгүй л байсан. Би хувьдаа нэлээд олон байнгын хорооны үйл ажиллагааг ажиглаж байсны хувьд ирц нь ямар байгааг мэдэх юм байна. Байнгын хороо байтугай чуулганы хуралдаанд ирц маш хангалтгүй байхдаа асуудлыг шийддэг л байсан. Түүхийг сөхөөд үзвэл байнгын хороодын ирц харин ч олондоод байсан. Хэтэрхий ихдээд, ирц хүрэхгүй, үүнээс болж байнгын хороод хуралдаж чадахгүй л байлаа. Хүний тоо нэг хоёроор өөрчлөгдсөндөө гол нь биш. Гол нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйгээс хийх сонголт нь хязгаарлагдмал болсонд л харамсалтай байгаа байх. Хэрвээ би Ардын намын гишүүн бол энэ хязгаарлагдмал байдалд орсондоо л харамсана.
-Өөрт тань Засгийн газарт орж ажиллах бодол байна уу?
-Надад тийм бодол… Юу ч гэмээр юм дээ. Энэ жилийн сонгуулийн үр дүн, нөхцөл байдлаас болж сонгуулийн үед ярьж байсан зарчим их өөрчлөгдөөд байгаа. Сонгуулийн үед бид засаг төрийг УИХ-ыг гаднаас байгуулах нь зүйтэй гэдэгт их итгэлтэй байсан Гэтэл нэг намаас олонх бүрдэж чадаагүй энэ үед Засгийн газрыг УИХ-аас байгуулах нь зарчмын хувьд зөв гэсэн аргумент гаргаж ирээд байгаа. Үүнийг бодож үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл ирцийн хувьд тогтворгүй, төрийн ажиллагаанд байнгын зөвшилцөл шаардсан нөхцөл байдалд харилцан ойлголцол шаардлагатай гэсэн өөр нөхцөл үүсээд байна. Миний хувьд Засгийн газарт УИХ-ын гишүүдээс орох зарчмыг дэмжиж байгаа.
-Өнөөдөр байнгын хорооны даргаар З.Баянсэлэнгийг томилсонд олон хүн гайхсан байдалтай байна билээ. Энэ нь Ардчилсан намаас МАХН-д найр тавьж байгаа хэрэг биз дээ?
-Бүх томилгоонууд зөвшилцлөөр явагдаж байгаа нь нууц биш. Зөвшилцлөөр явагдана гэдэг нь төр засгийн ажиллагааг тогтвортой, дөрвөн жилийн хугацаанд төрийн үйл ажиллагааг гацаахгүй байхад зориулсан томилгоог хийж байгаа. Тэр утгаараа байнгын хорооны даргад зөвхөн олон суудал авсан Ардчилсан намын хүн сонгогдоно гэсэн утга байхгүй. Тухайн нам нь нэрийг нь дэвшүүлж олонхиороо гаргаад ирсэн хүнийг бид дэмжээд явья гэсэн байр суурьтай байгаа. З.Баянсэлэнгийн хувьд надтай л адил УИХ-д шинээр орж ирсэн гишүүн. Шинэ гишүүдийн хувьд ийм боломж олгож байгаа нь дэвшилттэй зүйл л гэж харж байна.