Энэ УИХ-ын хамгийн идэвхтэй гишүүд нь эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

Энэ УИХ-ын хамгийн идэвхтэй гишүүд нь эмэгтэйчүүд

Энэ удаагийн УИХ есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Тэд парламентад албан бус бүлэг байгуулж АН-ын бүлгийн гишүүн Л.Эрдэнэчимэгийг даргаараа сонгоод байгаа юм. Тангараг өргөсөн цагаасаа хойш тэд ер зүгээр суугаагүй. Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал харъяалдаг төрийн бус байгууллагуудтай Төрийн ордонд уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 20 хувийн квот тусгаж өгснөөр бүсгүй гишүүдийн бараа парламентад тасрах шахсан байдлаас гарч чадсан. Тэгснээрээ 2004 оноос хойш цөөрсөөр байсан эмэгтэй гишүүдийн тоо 2000-2004 оны төвшиндөө эргэж хүрээд байна. Өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд парламентыг чанаржуулдаг гэж үздэг. Тэр ч утгаараа Монгол Улс 2000 онд болсон дэлхийн төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалт дээр 2015 он гэхэд парламентын эмэгтэй гишүүдийн хувийг 30-д хүргэх амлалт авч Мянганы хөгжлийн зорилтууддаа тусгасан. Хэдий тэр хувьдаа хүрч чадахгүй нь ойлгомжтой болсон ч өмнөх УИХ-д байсан гурван гишүүнээ ес болгосон нь бага боловч дэвшил болов. Монгол Улс байнгын ажиллагаатай УИХ-тай болсон цагаас хойш эмэгтэй гишүүдийн эзэлж ирсэн хувийг авч үзвэл 1992-1996 онд 3,9 хувь, 1996-2000 онд 9,2 хувь, 2000-2004 онд 11,8 хувь, 2004-2008 онд 6,6 хувь, харин 2008 оны сонгуулиар байгуулагдсан өнгөрсөн парламентад эхний байрандаа эргэн очиж 3,9 хувьтай болчихоод байсан юм. Харин одоо 11,8 хувьдаа эргэж хүрээд байна.

Эрчүүд парламентад давамгайлж олон жил болсон ч нийгмийн асуудал орхигдсон. Ажилгүйдэл, ядуурлыг халамжийн мөнгөөр хаачихна гэж ташаа бодож ирсэн. Гэтэл эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига хээл хахууль багасч, нийгмийн асуудал сайжирч, ингэснээр улс орон хөгждөг нь батлагджээ. Скандинавын орнуудын жишээ үүнийг харуулж байгаа юм. Ерөөсөө иргэдийн нийгмийн асуудал улсын хөгжлийн суурь юм хойно. Эмэгтэй гишүүд олшроод ирэхээр орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад анхаарч эхэлдгийг өнгөрсөн ганц сарын байдал харууллаа.

Монголын хүн ам сүүлийн хэдэн жил хурдтай өсч 2,8 саяд дөхөж байна. Гэтэл эрчүүд үнэмлэхүй олонх суудал эзэлж байсан өмнөх УИХ-ууд амаржих газруудад анхаарал тавиагүй. Уг нь эрхэм гишүүдээс бүл нэмж, хэд хэдийнх нь гэргий ихэр хүүхэд төрүүлсэн ч уул уурхай, эрдэс баялаг гээд мөнгөтэй салбарууд тийш хошуурч хүн амын хөгжлөө хаячихаад байсан юм.

Тэгвэл одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг энэ орхигдсон салбарт анхаарлаа хандуулж  “Кемпинский” зочид буудалд эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж амаржих газруудын хүрэлцээ, эх баригч, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх талаар ярилцлаа.

Монголд жилд дунджаар 50 мянган эх амарждаг байсан бол сүүлийн хоёр жилд 75 мянга болтлоо нэмэгджээ. Түүний бараг тал хувь нь нийслэлийн эхчүүд. Гэтэл нэгдүгээр амаржих газрын шинэ барилга дуусаагүй, гуравдугаар амаржих газрын өргөтгөл ч ашиглалтад ороогүй байна. Хоёрдугаар төрөхийг өргөтгөх гэтэл хашаан доторх газар нь хэн нэгний өмчлөлд орчихсон байсан аж. Яармагт барьж буй төрөх газрыг долдугаар давхарт нь хүртэл ханыг нь өрсөн ч бусад ажил нь яагаа ч үгүй байгаа гэнэ.

Эх баригч, сувилагчдын орон тоо дутуу гээд өчнөөн эмзэг асуудлыг эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд хөндлөө. Амаржих газруудын ор хүрэлцээгүйгээс “Цаг нь арай болоогүй байна” гэсэн шалтгаанаар өвдөөд очсон эхчүүдийг буцаадаг болсонд тэд эмзэглэж байлаа. Нийслэлийн замын их түгжрэл дунд дуншиж буй эх ирж буцсаар замдаа амаржиж эх, нярай эндэж болзошгүй байгааг ч дурдсан юм.

Ямар ч гэсэн эрчүүд улс төрөө хийж сайдын суудлаа хуваалцаж гацаж байх зуур эмэгтэй гишүүд эх үрс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд эрэгтэй улстөрчдийн харааны гадуур өнгөрдөг асуудлуудад анхаараад ажлаа амжуулаад эхэллээ. Эмэгтэй гишүүд сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлж ажлыг яралзуулж байна. Тэдний тоо цөөдөхгүй, дайчин бүсгүйчүүд сонгогдсон гэдгээ харуулж эхлэв.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж