С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг дөнгөж сая хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы домогт бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр үед ялагдал хүлээв.

С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын
бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы бөхтэй барилдсан юм.

Одоо С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана. Харин өрсөлдөгч нь Канадын Мартин Дугренье болон Шведийн Хенна Йоханссон нарын ялагч нь байх юм. Тэд дагах барилдаанд зодоглож, ялсан нь манай тамирчинтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Канадын тамирчин нь 67 кг-ын жинд дэлхийн аваргаас гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байжээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Японы бөх Каори Ичо, 67 кг-ын жинд дэлхийн аваргад хоёронтаа түрүүлсэн БНХАУ-ын Жин Руисьюэ нар өрсөлдөхөөр шалгараад байна. Харин хүрэл медалийн төлөө С.Батцэцэг Канад ба Шведийн тамирчдын ялсантай нь, мөн ОХУ-ын Любовь Волосова БНАСАУ болон Польшийн бөхчүүдийн ялсантай тус тус барилдахаар шалгаран үлджээ.

Олимпийн наадмын 63 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 02.00 цагийн орчимд эхлэх бололтой. Харин аваргын төлөөх барилдаан 02.45 цагт эхлэх юм байна.

Дашрамд дуулгахад, олимпийн чөлөөт бөхийн тэмцээний дүрмийн дагуу шигшээ барилдаанд шалгарсан хоёр бөхөд ялагдсан бөхчүүд дагах барилдаанд зодоглодог. Тодруулбал, финалдсан бөхөд хэсгийн шатанд ялагдсан бөхчүүд дагах барилдаанд дахин барилдаан хийж, хүрэл медалийн төлөө өрсөлддөг билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж