Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож
буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг ээлжит өрсөлдөгчөө ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр дөнгөж сая дөрөвний нэг шигшээд Европын аварга, Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдаж, 5-0; 5-4 харьцаатай буулган авав. С.Батцэцэг барилдааны эхний үед өрсөлдөгч бөхөө хонгодох мэхээр шидэж, таван оноо авснаар эхний минутад ялалт байгуулсан юм.
С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Төв Африкийн Бүгд найрамдах улсын
бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай ялснаар шөвгийн
наймд шалгарсан билээ. Улмаар сая Латвийн бөхийг яллаа. Одоо тэрбээр хагас шигшээд олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Японы Каори Ичотой барилдах юм. Барилдаан Монголын цагаар 22.24 цагт эхлэх хуваарьтай байна. Японы домогт бөхийг ялбал мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдах эрхтэй болно, харин ялагдвал дагах барилдаанд хүрэл медалийн төлөө барилдана.