Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томилуулах тухай саналаа эвслийн Засгийн газар байгуулах гэрээг үзэглэсэн намуудын төлөөллүүд дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор өргөн мэдүүллээ.

Хуулиараа Ерөнхий сайдын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээс хойш ажлын тав хоногт багтаан хариуг өгдөг. Энэ тухай ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Ерөнхийлөгчид албан ёсоор өргөн барилаа. УИХ-ын энэ удаагийн сонгуульд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй хамтраад эвслийн Засгийн газар байгуулахаар урьдчилсан гэрээ байгуулсан. Тэр гэрээнийхээ хүрээнд олонхийг бүрдүүлж чадсан. Гэрээнд “Ерөнхий сайдад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь намууд дэмжинэ” гэж заасан байсан. Энэ нь намуудтай зөвшилцсөн гэсэн үг. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өргөн барихдаа шат, шатны байгууллагынхаа хүрээнд хэлэлцэж ярьсан гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр хэллээ. Ерөнхийлөгчийн хувьд ажлын тав хоногт багтаан хариуг өгөх ёстой” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Ерөнхий сайдын асуудлыг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ” гэдгээ энэ үеэр онцолсон байна. Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, мөн УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун нар оролцсон юм.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж