Монгол, БНСУ-ын хөгжимчид хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Монгол, БНСУ-ын хөгжимчид хамтарна

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ жил 50 нас хүрч байгаа билээ. Тус чуулгын хамт олон уг ойд зориулан БНСУ-ын Үндэсний театрын хэсэг уран бүтээлчдийг эх орондоо урьж, хамтарсан тоглолт толилуулахаар зэхжээ. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгийн урилгаар наймдугаар сарын 6-нд БНСУ-ын Үндэсний театрынхан Монголд хүрэлцэн ирсэн байна. Тус театрын найруулагч, продюсер, хөгжимчид зэрэг олон улсад алдартай 12 уран бүтээлч манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамтран тавих “Тал хээрийн Ариран” тоглолтынхоо бэлтгэлдээ оржээ.

Өнөөдөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд Монгол, Солонгосын үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын удирдлагууд болон хөгжимчид хэвлэлийн бага хурал зарлан, “Тал хээрийн Ариран” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.  Наймдугаар сарын 10-нд 15.00 цагт тус чуулгын байранд ганцхан удаа эгшиглэх “Тал хээрийн Ариран”  тоглолтод Солонгосын алдарт Ариран уран сэтгэмжит аялгуу, Усан цэргийн аялгууг Монгол, Солонгосын үндэсний их найрал хөгжимтэй хамтран тоглож, БНСУ-ын Үндэсний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдан тоглуулах юм байна. Уг тоглолт нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны эхлэл бөгөөд энэ сарын сүүлээр манай чуулгын уран бүтээлчид 12 хүний бүрэлдэхүүнтэй энэ сарын сүүлээр БНСУ-ын Үндэсний их театр очиж, тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Монгол үндэсний хөгжим хэрхэн Солонгосын алдарт хөгжмийн аязуудыг эгшиглүүлэхийг энэ сарын 10-нд Үнэдсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа ирж, сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж