Оюутны билетийг 5-10 мянган төгрөгөөр дамлан худалдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Оюутны билетийг 5-10 мянган төгрөгөөр дамлан худалдаж байна

Сар бүрийн эхэнд оюутны билет тойрсон элдэв асуудал үүсдэг. Энэ сарын тухайд зарим сургууль дээр, тухайлбал, ЭМШУИС, ХААИС-иудад оюутны билетийн хомсдол нүүрлэж, билетийг 5000-10000 төгрөгөөр худалдаж байна. Таван зуун төгрөгөөр оюутнуудад хүрэх ёстой билетийн үнэ 10-20 дахин өндөр үнэ хүрчээ. ЭМШУИС-ийн оюутнуудад билетийг 5000 төгрөгөөр зарсан 8860…. дугаарын эзнээс оюутны билет сураглахад “Билет дууссан, цөөн хэдхэн билет байсан” гэсэн хариу өгч байлаа. Ийнхүү оюутны билетийг дамлан  наймаалж байгаа нь юунаас үүдэлтэй, их хэмжээгээр  дамлан зарж буй хүмүүст  ямар хариуцлага тооцох талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан:

-Энэ бол тухайн сургуулийн хариуцах асуудал. Бидний хувьд захиалгын дагуу билетийг нийлүүлдэг л үүрэгтэй.

-Билетийг ямар компани үйлдвэрлэж байгаа вэ. Үйлдвэрлэгч нар илүүхэмжээгээр үйлдвэрлээд дамлан худалдаалж байж болох уу. Үүнд танайх хяналт тавих ёстой биз дээ?
-Энэ асуудлыг манайх шийдэхгүй. Үнэхээр үйлдвэрлэгч нар дамлаж байгаа бол хууль хяналтынхан нь тогтооно биз.

МОХ-ны ажлын албаны дарга Б.Жигжид:

-Оны эхнээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих оюутны билет 500 төгрөг болон хямдарснаас эрэлт их хэмжээгээр нэмэгдээд байна. Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 140 мянган оюутантай ч 80 мянга нь л оюутны хөнгөлөлт эдэлдэг байсан. Тиймээс нийтийн тээврийнхэн тэр хэмжээгээр оюутны захилга авч байгаа. Гэтэл хямд билетийг оюутан болгон авах сонирхолтой байгаагаас билет хүрэлцэхгүйд хүрээд байна.

-Оюутны билетийг дамлан худалдах бизнест МОХ оролцоод байгаа юм биш үү. Билет өндөр үнээр зараад байгаа хүмүүст хэн хариуцлага тооцох ёстой вэ?

-МОХ билет зарсан гэдэг үндэслэлгүй яриа. Билетний захиалгыг сургуулиуд өгдөг. Тэд нэг оюутанд 2-3 билет давхардуулан авсан байсан ч бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс манай МОХ-ныхон сургуулиуд дээр хяналт шалгалт хийж байгаа. Билет захиалгаас хоцорсон оюутнуудад хөнгөлөлтйин билетийг нь 500 төгрөгөөр өгч байна. Тиймээс оюутнуудыг өндөр үнээр билет худалдан авахаасаа өмнө манайд ханд гэж хэлмээр байна гэлээ.
Сургуулиудаас хамгийн олон хөнгөлөлтийн билет захиалдаг нь ЭМШУИС юм байна. Тус сургуулийн 9000 орчим оюутан хөнгөлөлтийн билет захиалан авдаг бөгөөд зарим хувийн сургуулиуд 80-100 билет захиалдаг ажээ.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж