Байнгын хорооны дарга нарыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны дарга нарыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг тус байнгын хорооны даргаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлж буй тухай Р.Гончигдорж гишүүн танилцуулсан юм. Харин байнгын хорооны даргад нэр дэвшигчтэй холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул хүн тус бүрээр санал хураалгав. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүн бүгд З.Баянсэлэнгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг томилохыг мөн л 100 хувь дэмжин баталлаа. Тогтоол батлагдсанаар одоогийн байдлаар УИХ –ын долоон байнгын хороо байгуулагдаж, дарга нараа мөн батлаад байна. Харин ганц байнгын хороо байгуулагдаагүй байгаа нь Өргөдөл, гомдлын байнгын хороо юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд “МАН-ынхан яг энэ цаг мөчид хуралдаж байгаа, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эсэх асуудлаар хуралдаж байна” гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Зөвшилцөл нэлээд ойртсон, тун удахгүй МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно хэмээн ойлгосон” гэж хэлээд энэ удаагийн чуулганы хуралдааныг өндөрлүүлснээ мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга нар:

  • Төрийн байгуулалтын Байнгын хороо – А.Бакей
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо – Ц.Цолмон
  • Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо – Г.Баярсайхан
  • Төсвийн Байнгын хорооны дарга – Ц.Даваасүрэн
  • Эдийн засгийн Байнгын хорооны дарга – Б.Гарамгайбаатар
  • Хууль зүйн Байнгын хороо – Ш.Түвдэндорж
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо – З.Баянсэлэнгэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 13.50 цагийн орчимд гишүүдийн 57.7 хувийн ирцтэйгээр буюу чуулганд оролцох ёстой 71 гишүүний 41 нь хүрэлцэн ирснээр хуралдааныг нээсэн байгаа. Уг хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудал багтав. Энэ хүрээнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргад Ч.Улааныг нэр дэвшүүлж, гишүүдийн 97.6 хувийн саналаар дэмжин баталснаар  УИХ-ын дэд даргаар Ч.Улаан томилогдсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж