Эл үйл явдал дэлхий дахинд “Хөгжиж буй эдийн засгуудын өсөлт удааширч эхлэв үү” гэх түгшүүрийн дохио өгчээ. 2008-2009 оны санхүүгийн хямралын дараагаар эдийн засгийн уналтаас дэлхийг аварсан ачтангууд бол Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй эдийн засагтай орнууд байлаа. Өсөлт рүү хөтлөх найдвар хэмээн шагшигдаж байсан АНУ, Япон эсвэл Европын орнууд харж суухаас өөр зүйлд хүчин мөхсдөж байсан юм. “Goldman Sachs” санхүүгийн фирмийн захирал Жим Онейлын хэлснээр, евро бүсийн хямрал, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралын хажуугаар хөгжиж буй эдийн засагтай BRIC-ийн эдийн засаг хазаарлагдаж эхэлсэн нь шүдний өвчин болж магадгүй аж. Тэрбээр хэлэхдээ “BRIC-ийн орнуудын эдийн засагт өрнөж буй асуудлууд евро бүсийн хямралаас ч чухал зүйл” хэмээжээ.
Хөгжиж буй “ертөнц” Европ, Хойд Америкаас хэд дахин их баялгийг асар богино хугацаанд бүтээж байна. Өнгөрсөн онд BRIC-үүд 2.2 их наяд ам.долларыг дэлхийн эдийн засагт нэмэрлэсэн. Энэ нь дэлхийн найм дахь том эдийн засаг болох Итали улсын үзүүлэлттэй тэнцүү аж. Онейл хэлэхдээ “Бразил, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт базаахгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна. Түүнчлэн Хятадын уналт дэлхий нийтийн амны уншлага боллоо. Эдгээр гүрэнд өрнөж буй бүхий л зүйл бидэнд чухал. Европын экпортын томоохон компаниудад ч тэр” гэжээ.
Азийн гурав дахь том эдийн засагтай Энэтхэг улсад эрчим хүч тасарсны улмаас тус улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг нухацтай хэлэлцэхэд хүргэсэн. Тус улсын газар нутгийн хойд хэсгийг бүрхсэн түнэр харанхуй Энэтхэг улсын Нөөцийн банкаас дэвшүүлээд байсан 6.5 хувийн өсөлтөө даруй нэг хувиар буулгахад хүргэсэн байна. Эл үзүүлэлт нь тус улсын 2010 оны эдийн засгийн өсөлтийн индекс буюу 10.1 хувьтай харьцуулахад чамлалттай тоо юм. 2010 онд Бразил улсын эдийн засгийн өсөлт 7.5 хувьтай байсан бол өнгөрсөн онд 2.5 хувь болон буурчээ. Харин урд хөршийн хувьд 2012 оныг 7.5 хувийн өсөлттэй үдэх төлөвлөгөөтэй байгаа ч сүүлийн найман жилийн турш гарсан тогтмол үзүүлэлтээс найман хувиар буурсан индекстэй зах зээлд өрсөлдөж явна.
Энэтхэг улсын эдийн засаг өсөхийн хэрээр дотоодын эрчим хүчний хэрэглээ ихэссэн. Харин өнгөрсөн долоо хоногт гарсан цахилгааны саатал тус улс эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй байгааг харууллаа. “Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт тэр дундаа дундаж орлоготой гэр бүл болон аж үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт мөн саяхны эрчим хүчний саатал тус улс дотоодын хэрэглээгээ хангахын тулд дэд бүтцээ сайжруулах цаг болсныг илтгэж байна” хэмээн Нью-Йоркийн их сургуулийн Стерн Бизнесийн сургуулийн профессор Арун Сундараражан CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Энэхэгийн тал хэсэг тоггүй болсон явдал гэнэтийн асуудал байгаагүй. Эрчим хүчний дэд бүтцээ сайжруулахын тулд тус улсын Засгийн газар эрчим хүсний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нээлттэй болгож, хөгжүүлэх хэрэгтэй. Засгийн газраас үзүүлэх хөрөнгө оруулалт мөн хувийн хэвшлийнхний үүрэг асуудлыг шийдвэрлэх чухал арга байх болно” гэсэн юм. Харин Онейл хэлэхдээ Энэтхэг улс эдийн засгаа гаднын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгохыг зорих хэрэгтэй гэжээ. Тэрбээр “Энэтхэг улсын хувьд нойрноосоо сэрэх цаг болсон. Гаднын түншлэл хайж, хэлэлцээрийн ширээнд суух боломжоо ашиглах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад тус улсын стратегийн салбаруудад хөрөнгө оруулах нөхцөлийг хангаж өгвөл Энэтхэгийн эдийн засагт өргөс авсан мэт өөрчлөлт гарна” хэмээн онцолсон.
Зарим салбарынхны нүдээр BRIC-ийнхний эдийн засгийн “биеийн байдал” тун сайн байгаа гэнэ. “Энэтхэгийн ажиллах хүчний дундаж наслалт 24 байна. Энэ нь 20 жилийн тэртээх Хятадын нийгмийн үзүүлэлт юм” хэмээн Бээжин дэх Dezan Shira & Associates, Азийн зах зээл дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Крис Девоншир Эллис хэлсэн аж. Тэрбээр “Энэтхэгт 250 сая орчим дундаас дээш орлоготой өрх амьдарч байна. Хятадад ч мөн адил. Харин Энэтхэгийн хувьд бизнес эрхлэгчдэд хямд өртгөөр ихийг бүтээж, эргүүлээд их хэмжээний ашгийг тус улсын зах зээлээс хүртэх асар их боломж байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хурдацтайгаар өсөж буй зах зээлд мөнгийг хайрлахгүй цацах сонирхол бадарсаар байгаа тухай Templeton Emerging Markets Group хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Марк Мобиус онцолсон билээ. “Хүмүүс надаас Хятадын эдийн засаг хэр зөөлөн “газардах” талаар үргэлж асуудаг. Би тэдэнд Хятадын эдийн засаг нурахгүй, харин ч эсрэгээрээ тэнгэр өөд тэмүүлсээр байх болно гэж хариулдаг” хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN