Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 120 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Чулуунбат эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны бөх Шухрат Альевийг 8:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн төлөө барилдаж, Киргизстаны тамирчин Айаал Лазаревийг 4:1 харьцаагаар хожсон. Улмаар аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Марид Муталимовтой барилдаж, 2:1 оноогоор ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас Т.Даваахуяг /55 кг/, П.Өнөрбат /66 кг/, Д.Түгждорж /84 кг/ нар Азийн аваргын дэвжээнд гарч барилдсан. 55 кг-д хүч сорьсон Т.Даваахуяг эхний барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Рахул Баласахеб Аваретай барилдаж, 8:6 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 84 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Д.Түгждорж эхний тойрогт Киргизстаны бөх Айбек Усуповд 3:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Харин 66 кг-д П.Өнөрбат эхний барилдаандаа Туркменистаны тамирчинг ялсан боловч удаахь тойрогт БНСУ-ын бөх Ким Дэ-Сунд 4:1-ээр ялагдсан. Гэвч манай бөхийг ялсан БНСУ-ын бөх цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир П.Өнөрбат дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Дагах барилдаанд манай тамирчин Иран, БНХАУ-ын бөхийг дараалан ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Д.Баасанжаргал /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Т.Мөнхтуяа /63 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг нар Азийн аваргын дэвжээнд өрсөлдөх юм. Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ. Дашрамд тэмдэглэхэд, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ж.Чулуунбатын тэмцээнд оролцох зардлыг "Спирт бал бурам" компани ивээн тэтгэн, туслалцаа үзүүлсэн байна. Тиймээс тивийн аваргад амжилт гаргах нөхцөл бололцоо үзүүлсэн тус компанийн хамт олонд ОУХМ Ж.Чулуунбат талархал илэрхийлснийг дамжуулж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж