
Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас Т.Даваахуяг /55 кг/, П.Өнөрбат /66 кг/, Д.Түгждорж /84 кг/ нар Азийн аваргын дэвжээнд гарч барилдсан. 55 кг-д хүч сорьсон Т.Даваахуяг эхний барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Рахул Баласахеб Аваретай барилдаж, 8:6 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 84 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Д.Түгждорж эхний тойрогт Киргизстаны бөх Айбек Усуповд 3:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Харин 66 кг-д П.Өнөрбат эхний барилдаандаа Туркменистаны тамирчинг ялсан боловч удаахь тойрогт БНСУ-ын бөх Ким Дэ-Сунд 4:1-ээр ялагдсан. Гэвч манай бөхийг ялсан БНСУ-ын бөх цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир П.Өнөрбат дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Дагах барилдаанд манай тамирчин Иран, БНХАУ-ын бөхийг дараалан ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Д.Баасанжаргал /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Т.Мөнхтуяа /63 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг нар Азийн аваргын дэвжээнд өрсөлдөх юм. Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ. Дашрамд тэмдэглэхэд, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Ж.Чулуунбатын тэмцээнд оролцох зардлыг "Спирт бал бурам" компани ивээн тэтгэн, туслалцаа үзүүлсэн байна. Тиймээс тивийн аваргад амжилт гаргах нөхцөл бололцоо үзүүлсэн тус компанийн хамт олонд ОУХМ Ж.Чулуунбат талархал илэрхийлснийг дамжуулж байна.
С.Цэлмэг