Сэр Крис Хой олимпийн наадмаас зургаа дахь алтан медалиа хүртэж, Британийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт гаргасан олимпийн тамирчин болжээ. Олимпийн замын дугуйн тэмцээн эхэлсэн эхний өдөр эрэгтэйчүүдийн багийн уралдааны спринт төрөлд алтан медаль хүртсэн Хой өчигдөр болсон кейрин төрөлд мөн аваргалжээ. Тэрбээр ийнхүү олимпийн наадмаас зургаа дахь медалиа хүртэж, Британийн тамирчин Сэр Стив Рэдгрейвийн таван алтан медалийн амжилтыг эвдэж байгаа юм. Мөн 2000 оны Сиднейн олимпиос хүртсэн мөнгөн медалийн хамт нийт долоон медаль хүртсэнээр Брэдли Уиггинсийн олимпийн амжилтыг давтаж буй ажээ.
Өдгөө 36 настай шотланд дугуйчин 2016 онд тав дахь олимпдоо оролцох боломжгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ тэрбээр замын дугуйн шилдэг спринтер гэдгээ нэгэнт бататгаж, нотолж чадсан юм. Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Крис Хой уралдааны дараа “Би нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө алтан медаль зүүхийг хүссэн. Намайг дэмжин босч, уухайлж байсан үзэгчдэдээ талархаж байна. Миний хувьд одоо хангалттай. Олимпийн замналаа өндөрлүүлэх төгс төгсгөл гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн кейрин төрөлд дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы Максимиллиан Левай мөнгө, харин Шинэ Зеландын Саймон ван Велтхоовен хүрэл медалийн эзэн болсон байна.
Лондон хотын велодромд зургаан өдрийн турш үргэлжилсэн олимпийн замын дугуйн тэмцээнд Их Британийн тамирчид шилдэг нь байж, нийт 10 төрлөөс долоон алт, мөн мөнгө, хүрэл медаль тус тус нэгийг хүртжээ. Медальгүй хоцорсон ганц төрөл нь эмэгтэйчүүдийн багийн уралдаан гэнэ.