Ливийн Ерөнхий сайд Мароккод айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Ливийн Ерөнхий сайд Мароккод айлчилжээ

Ливийн Ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб тэргүүтэй Ливийн албаны хүмүүс өчигдөр Мароккод хоёр өдрийн айлчлал хийхээр иржээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд тэд Мали улсад үүсээд буй түгшүүрт байдал, “Арабын Магриб холбоо” болон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Өчигдөр орой Ливийн албаныхан Касабланка хот дахь Мароккогийн хаан VI Мохаммедийн ордонд зочилж,  Лалын шашны баярын “Рамадан” сарын хүрээнд Мароккогийн хааны ордноос зохион байгуулж буй шашны хурлуудын нэгд оролцжээ. Харин өнөөдөр Ливийн Ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб Мароккогийн Ерөнхий сайд Абделила Бенкирантай уулзах гэнэ. Мөн түүнийг дагалдан ирсэн сайдууд Мароккогийн Лалын шашинтнуудаар удирдуулсан эвслийн Засгийн газрын гишүүдтэй уулзах юм байна. Тэд энэхүү уулзалтаараа голчлон улс төр болон хоёр орны эдийн засгийн хамтын ажилгааг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй. Хоёр орны албаныхан энэхүү уулзалтыг “Арабын Магриб холбоо”-г сэргээх, хамтын ажиллагааны төслийг боловсруулах томоохон боломж гэж үзсэн байна. Хоёр орны харилцаа өмнө нь 100 мянга гаруй иргэдийн хоорондох харилцаагаар үнэлэгддэг байсан бол өнгөрсөн жил гарсан Муаммар Каддафиг суудлаас нь буулгахын төлөөх хувьсгалын дараа илүү өргөн хүрээг хамрах болжээ. Тус хоёр орон 1989 онд байгуулагдсан Арабын орнуудын хооронд эдийн засаг, худалдаа болон улс төрийн хэлэлцээр хийх зорилгоор байгуулагдсан “Арабын Магриб холбоо”-ны гишүүн бөгөөд уг холбоонд тэднээс гадна Алжир, Мавритан, Тунис зэрэг орнууд багтдаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж