Эмч нарын цалинг нэмүүлэхийн төлөө ажиллана гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Эмч нарын цалинг нэмүүлэхийн төлөө ажиллана гэв

УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн Монголын хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ. Үүний нэг илрэл болгон тэд “Амаржих газар болон эх барихын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгийн гол сэдэв нь амаржих газрууд болон эх барихын тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд байв. 

39.8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч барилгууд нь ашиглалтад ороогүй л байна

Манай улсад 2000 онд 51 мянган эх төрж байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 70 мянга болж, эрс нэмэгджээ. Гэтэл 50 жилийн өмнө баригдсан нийслэлийн амаржих газрууд өнөөг хүртэл тэр хүчин чадлаараа эхчүүдийг хүлээн авч буй нь хүндрэл, ачаалал, гомдол чирэгдэл үүсэх гол шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд шинэ амаржих газар болон амаржих газрын өргөтгөлд багагүй хөрөнгө шийдэж зарцуулсан ч барилгын ажил нь хугацаандаа хийгдэхгүй сунжирсаар эргээд л бэрхшээлд хүргэж байгаа аж. Тодруулбал, Нэгдүгээр амаржих газарт 10.3 тэрбум, Гуравдугаар амаржих газарт 150 ортой эмнэлэг бариулахад 10.5 тэрбум, Яармагт баригдах 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгад 19 тэрбум төгрөг баталсан байна. Гэвч хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн атал барилгын компаниуд солигдох, тендер цуцлагдах зэрэг шалтгаанаар III амаржих газрын барилгын зөвхөн шавийг тавьсан, Яармагийн эмнэлгийн ажил ханын өрлөг хийхээс хэтрээгүй, II амаржих газрын асуудал шийдэгдээгүй гэхчлэн бэрхшээлтэй асуудал үргэлжилсэн хэвээр байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Байр ашиглалтад орлоо… Бас нэг асуудал

Дээрхи эмнэлгүүд ашиглалтад орсон ч бас нэг том асуудал сөхөгдөх нь. Энэ бол ажиллах хүч. Ирэх онд гэхэд л 600 гаруй эх барих эмэгтэйчүүдийн болон сэхээний эмч, эмнэлгийн ажилтан шинэ эмнэлгүүдэд шаардлагатай болно. Шинээр олон залуус дээрхи мэргэжлүүдийг эзэмшин, диплом өвөртлөөд гарч байгаа ч амаржих газрын нийгмийн халамжийн асуудал, хаана ч хүрэлцэхгүй цалин зэргээс шалтгаалж шинэ боловсон хүчин амаржих газарт ажиллах сонирхолгүй байдаг гэнэ.

Надад ямар таньдаг эмч байдаг билээ?

Амаржих газарт төрөх эх өвдөөд очиход орны хүрэлцээ муутайгаас болж 2-3 удаа гэр рүү гээ буцах тохиолдол энүүхэнд гэнэ. Мөн л дээрхи шалтгаанаар төрөлтийг хурдасгахын тулд тариагаар төрүүлэх явдал цөөнгүй гардаг байна. Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа,

-Эх нялхсын салбарт эмч нар үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Эмч нарын цалинг 50 хувиар нэмж олгох тогтоол гарсан ч Сангийн яам зөвшөөрдөггүй. Бид эхний ээлжинд энэ асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхэлнэ. Энэ салбарын хууль эрхзүйн орчныг зайлшгүй шинэчлэн сайжруулах хэрэгтэй. Манайд Эх нярайн тухай хууль заавал байх ёстой. Монголоос бусад бүх улс ийм хуультай. Энэ хууль батлагдвал олон асуудал шийдэгдэнэ. Манай амаржих газруудад нэг удаагийн ариутгалын багаж хэрэгсэл хүрэлцдэггүй. Үүнээс болж төрөх эмнэлгүүдэд янз бүрийн халдвар гарах эрсдэл нэмэгдэж байна. Ядаж бид нэг жилийн хэрэгцээний ариутгалын хэрэгслийнх нь мөнгө болох 1.2 тэрбум төгрөгийг бүрэн олгуулах асуудлыг УИХ-аар шийдүүлэхийн төлөө ажиллана. Монголд эхчүүд төрөхөд маш хүндрэлтэй болсон байна. Хүн бүр л хүүхдээ төрүүлэхдээ “Надад ямар таньдаг эмч байдаг билээ” гэж боддог болсон байна. Энэ гажиг тогтолцоог өөрчлөхийн төлөө бид тууштай тэмцэнэ” гэсэн юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж