Санхүүгийн зах зээлийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зах зээлийн тойм

(2012 оны 25, 26 дахь долоо хоног)


Монголбанкнаас ирүүлсэн дэлхийн Санхүүгийн зах зээлийн долоо хоногийн тойм мэдээллийг хүргэе.

АНУ

АНУ-д хуучин орон сууцны борлуулалт 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.5 хувиар буурч жилийн 4.55 саяд хүрсэн тухай National Association of Realtors байгууллагаас 2012  оны 6  дугаар сарын 21-ний өдөр мэдээллээ.  Судлаачид энэхүү үзүүлэлтийг тайлант хугацаанд 4.57  саятай тэнцэнэ хэмээн таамаглаж байжээ.  Хэдийгээр орон сууцны үнэ болон орон сууцны зээлийн хүү түүхэн доод түвшинд байгаа ч борлуулалт ийнхүү буурахад 2012  оны 5  дугаар сард ажил олголт төдийлөн нэмэгдээгүйгээс гадна зээл олголтын нөхцөл чанга хэвээр байгаа зэрэг нөхцлүүд нөлөөлсөн гэж тэд дүгнэжээ. Харин 2012  оны 6  дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээнээс харахад, орон сууцны зах зээлийн талаар арай өөр дүр зураг харагдаж байна. Уг мэдээнд дурьдсанаар, АНУ-ын шинэ орон сууцны борлуулалт 2012 оны 5 дугаар сард судлаачдын таамаглаж байснаас ихээр буюу өмнөх сараас 7.6  хувиар нэмэгдэж жилийн 369,000-д хүрчээ.  Блумберг агентлагийн түүвэр судалгааны дүнгээс харахад,  судлаачид энэхүү үзүүлэлтийг тайлант хугацаанд 343,000-с нэмэгдэж жилийн дөнгөж 347,000-д хүрнэ хэмээн тооцоолж байжээ. Нью-Йорк дахь Societe Generale SA банкны ахлах эдийн засагч Brian Jones хэлэхдээ: “Энэ нь орон сууцны зах зээлд “найдвар” байгаагийн нэг илрэл болж байна.  Орон сууцны зах дээрх идэвхи бага зэрэг нэмэгдэж байгаатай энэхүү үзүүлэлт таарч байгаа ч байдал хэвийн түвшинд очтол багагүй хугацаа шаардагдана” гэжээ. АНУ-ын Худалдааны яамнаас өмнө нь тус улсын эдийн засгийг 2012 оны I улиралд өмнөх улирлаас 1.9  хувиар тэлсэн гэсэн тооцооллыг хийж байсан ба үүнийгээ тус байгууллага 2012  оны 6  дугаар сарын 28-ны өдөр бататгалаа.  АНУ-ын эдийн засаг ийнхүү өсөлтэй гарсан нь батлагдсан ч судлаачид энэхүү өсөлтийг цаашид удааширна хэмээн болгоомжилж байна. Нью-Йорк хот дахь BNP Paribas банкны ахлах эдийн засагч Jeremy  Lawson-ы хэлэхдээ: “Тус эдийн засаг үнэхээр хэцүү үе дээр ирсэн. Хөдөлмөрийн зах “сул”  байгаагийн дээр орлого төдийлөн нэмэгдэх төлөвгүй байгаа энэ үед хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт өсөлтгүй байх болно” гэжээ. АНУ-ын ДНБ-ий 70 орчим хувийг хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт бүрдүүлдэг бөгөөд 2012 оны I улиралд энэхүү үзүүлэлт өмнө мэдээлж байсан 2.7  хувиас арай багаар буюу 2.5  хувиар нэмэгдсэн байжээ.  Энэхүү хумигдал нь тайлант хугацаанд барилгын салбарын өсөлт тооцоолж байснаас өндөр гарсан болон гадаад худалдааны алдагдал тооцоолж байснаас бага гарсан зэргээр нөхөгджээ. АНУ-ын хэрэглэгчид цаашид ч харьцангуй бага мөнгө зарцуулах төлөвтэй байгаа нь жижиглэнгийн худалдаа 2012  оны 5  дугаар сард өмнөх сараас 0.2  хувиар буурснаас харагдлаа. Судлаачдын үзэж байгаагаар,  нэн ялангуяа автомашин мэтийн харьцангуй үнэтэйд тооцогдох барааны борлуулалт буурах хандлагатай байна.

Евро-бүс

Евро-бүсийн иргэд өөрийн бүс нутгийн цаашдын ирээдүйг хэр зэрэг эерэгээр харж байгааг илтгэсэн  “итгэлийн түвшин”  хэмээх индекс 2012  оны 6  дугаар сард 89.9  нэгжид хүртэл буурсан тухай Европын комиссоос 2012  оны 6  дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ.  Уг үзүүлэлт 2012 оны 5 дугаар сард 90.5 нэгжтэй тэнцэж байснаас ийнхүү буурчээ. 2012 оны2 6 дугаар сарын 28-ны өдөр ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлагаас гаргасан өөр нэгэн мэдээнд Евро-бүсийн хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын улсын тодорхой хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо 2012  оны 6  дугаар сард өмнөх сараас 7,000-аар нэмэгдэн 2.88 саяд хүрсэн тухай бичжээ. Ингэснээр тус улсын ажилгүйдлийн түвшин 2012  оны 6  дугаар сард 6.8  хувьд хүрсэн байна. “ХБНГУ-ын эдийн засгийн байдлыг бүс нутгийн эдийн засгийн үйл явцаас  “салгах”  аргагүй юм.  Тийм ч учраас 2012  оны II улиралд тус эдийн засаг хумигдах бөгөөд дараагийн гурван сарын турш ч төдийлөн сайжрахгүй.  Байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь Евро-бүсийн өрийн хямралыг яаж шийдвэрлэхээс голлон хамаарна”  гэж Commerzbank-ны эдийн засагч Christoph Weil хэллээ. ХБНГУ-ын жижиглэнгийн худалдаа 2012  оны 4  дүгээр сард өмнөх сараас 0.2  хувиар буураад байсан бол 5 дугаар сард дахин 0.3 хувиар буурсан тухай тус улсын Статистикийн албанаас 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдээллээ. Судлаачид энэхүү үзүүлэлтийг 2012  оны 5  дугаар сард өмнөх сараас 0.2  хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолж байжээ. Жилээр авч үзвэл, жижиглэнгийн худалдаа тайлант хугацаанд 1.1 хувиар буурсан байна. ХБНГУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жил байгаагүй доод түвшинд хүрсэн, эрчим хүчний түүхий эдийн үнэ буурч,  цалингийн хэмжээ өссөн зэрэг явдал хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтыг нэмэгдүүлж,  улмаар тус улсын эдийн засагт Евро-бүсийн өрийн хямралыг давж гарахад түлхэц болж байгаа билээ.  Хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтыг цаашид нэмэгдэнэ гэсэн тооцоолол дээр үндэслэн ХБНГУ-ын Төв банк болох Бундесбанкны судлаачид өөрийн орны эдийн засгийг 2012 онд жилийн 0.6 хувиар тэлнэ гэсэн өмнөх таамгаа нэмэгдүүлэн жилийн 1  хувь болгожээ.  Тус улсын ажилгүйдлийн түвшин 2012 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар 6.8 хувьтай тэнцэж байжээ.

Их Британи

Их Британи улсын инфляцийн түвшин 2012 оны 5 дугаар сард жилийн 2.8 хувьтай гарсан тухай мэдээг тус улсын Статистикийн албанаас 2012  оны 6  дугаар сарын 19-ний өдөр өглөө. Энэхүү үзүүлэлт 2012 оны 4 дүгээр сард жилийн 3 хувьтай тэнцэж байснаа ийнхүү буурсан нь Английн Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлд эдийн засгийг дэмжиж бодлогоо цаашид үргэлжлүүлэх боломжийг олгох нь гэж судлаачид дүгнэлээ. Их Британи улсын инфляцийн түвшинг сараар авч үзвэл, 2012  оны 5  дугаар сард өмнөх сараас 0.1  хувиар буюу 1996 онд энэхүү үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойш анх удаагаа буурчээ.  “Эрчим хүчний түүхий эдийн үнийн уналтын улмаас инфляцийн түвшин цаашид ч буурна”  гэж ABN Amro Bank NV  банкны эдийн засагч Joost Beaumont  хэллээ.  Архи,  тамхи,  хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийг хасаж тооцсон суурь инфляци Их Британи улсад 2012 оны 4 дүгээр сард жилийн 2.1 хувь байснаас нэмэгдэж 5 дугаар сард жилийн 2.2 хувь болжээ.  Их Британи улсад ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлэгчдийн тоо 2012  оны 5  дугаар сард өмнөх сараас гэнэт 8,100-аар нэмэгдэж 1.6  саяд хүрсэн тухай тус улсын Статистикийн албанаас 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдээлжээ. Судлаачид энэхүү үзүүлэлтийг тайлант хугацаанд өсөх биш харин ч 4,000-аар буурна гэсэн хүлээлттэй байсан нь Блумберг агентлагаас явуулсан судалгааны дүнгээс харагдаж байна.  Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан аргачлалын дагуу тооцоход,  Их Британи улсын ажилгүйдлийн түвшин 2012 оны 4 дүгээр сард дууссан гурван сарын байдлаар өмнөхөөс3  өөрчлөлтгүй 8.2 хувьтай гарчээ. Эндээс харахад, Их Британи улсын хөдөлмөрийн зах зээл дээрх байдал эргэн сэргэхэд хүндрэлтэй байгаа явдал ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь тус улсын Ерөнхий сайд David Cameron-ы хувьд ихээхэн дарамт болж байна. Учир нь түүний хэрэгжүүлж буй төсвийн зардлыг бууруулах төлөвлөгөө нь Евро-бүсийн өрийн хямрал сөргөөр нөлөөлж байгаа үед Их Британи улсын эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хоёр дахь удаагаа удаашрахад хүргэх нь гэж сөрөг хүчин болох Лейборист намаас шүүмжлээд байгаа билээ.  

Эх сурвалж: Bloomberg, Reuters, Financial Times
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж