“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын оролцох Монголын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлэх гэж байна. Чөлөөтийнхний салхийг хагалж, өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 63 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг нар олимпийн дэвжээнд гарч, барилдана. Дээрх хоёр жингийн сугалаа өчигдөр тодорсон юм. Манай хоёр тамирчны тухайд боломжийн сугалаа татжээ. ОУХМ Д.Отгонцэцэг эхний тойрогт Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдана. Эхний өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогт Польш ба Аргентиний бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ. Харин Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдахаар болжээ.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ удаагийн олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Хуваарийн дагуу маргааш эмэгтэйчүүдийн 55, 72 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсноор эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөх бол эрэгтэйчүүд 10-наас тэмцээнээ эхлүүлнэ.
Чөлөөтийн тамирчдын олимпийн наадамд барилдах хуваарь:
VIII.8-нд:
Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
С.Батцэцэг /эмэгтэй, 63 кг/
VIII.9-нд:
С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/
VIII.10-нд:
Б.Наранбаатар /эрэгтэй, 55 кг/
П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/
VIII.11-нд:
О.Үйтүмэн /эрэгтэй, 84 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/
Харин тэмцээний сугалааны тухайд барилдаан болохын өмнөх өдөр тухайн жингүүдийн тамирчид сугалаагаа татах юм.