Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Ассад Хижабгүй үлдэв

Сирийн экс-ерөнхий сайд Рияд Фарид Хижаб гэр бүлийнхээ хамт Иорданд зугтан гарав. Үүний өмнөхөн Башар Ассад түүнийг албан тушаалаас нь огцруулсан  гэж Сирийн төрийн телевиз нь мэдээлжээ. Огцруулсан шалтгаан тодорхойгүй байна.  Ерөнхий сайдын тушаалаас чөлөөлөгдсөн Рияд Фарид Хижаб гэр бүлийн хамт Иорданд зугтан гарсан тухай АР агентлаг даваа гаригт мэдээлжээ. Иорданы Засгийн газрын эх сурвалж ч Сирийн экс-ерөнхий сайд Иорданд орж ирснийг батлажээ.

Омар Галаванжи Сирийн Сайд нарын танхимыг түр хугацаанд толгойлохоор болсон тухай Reuters агентлаг мэдээлэв. Тэрээр өмнө нь ерөнхий сайдын орлогч мөн Орон нутгийн засаг захиргааны сайдаар ажиллаж байжээ. Галаванжи тус орны шилжилтийн Засгийн газрыг толгойлж байх болно хэмээн төрийн телевиз нь мэдээлэв.

Энэ үеэр ерөнхий сайдаас гадна гурван сайд Иордонд зугтан гарсан гэж сөрөг хүчний төлөөлөгч хэлсэн байна. Гэхдээ тэдний нэрийг нэрлээгүй байгаа.

“Аль-Жазира” телевизийн эх сурвалжаар, Рияд Фарид Хижаб сөрөг хүчний талд нэгдсэн гэжээ. “Одооноос хувьсгалын цэрэг болоод алан хядагчид ба алуурчдын гэмт хэргийн дэглэмээс нэг мөр тасарснаа мэдэгдэж байна” гэж экс-ерөнхий сайдын хэлснийг уг телевиз дамжуулжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж