бөөрөнхий. Чишш. Битгий үүнийг мэдэж байгаагаа тэдэнд мэдэгд. Наадуул
чинь хавтгай гэж бодож байгаа. Хоёуланг нь бөөрөнхий гэж хэлэх юм бол
алчихна.-Тэд энэ талаар хэзээ ойлгох бол…” Энэ бол хэдэн зууны тэртээх
яриа. Тэд энэ үед жам ёсны зүйлийн үнэнийг мэдсэн ч энэ талаар ярих
эрхгүй хүмүүс. Мэдсэнийхээ төлөө, хэлснийх нь төлөөсөнд өгөх зүйлийг
нийгэм нь бодож олжээ. Тэр бол үзэн ядалт, буруу номтон хэмээн гэсгээх
шийтгэл. Ямар харанхуй бүдүүлэг нийгэм байсан юм бэ гэж бодож байна уу.
Гайхах хэрэггүй одоо ч бид үүнтэй адил харанхуйд амьдарсаар л байна.
Бэлгийн цөөнхийг өнөөг хүртэл гаж донтонгууд, сэтгэцийн өвчтэй хүмүүс
гэж харцгааж байна. Тэдний ийн харах харцанд үзэн ядалт, жигшил зэвүүцэл
л байна.
Тэр тусмаа нийгмийн үзэл бодлыг бий болгоход чухал
үүрэгтэй хэвлэл мэдээллийнхэнээс эхлээд, боловсролын салбар, сургалтын
хөтөлбөр, заах аргад хүртэл бэлгийн цөөнхийн талаар үнэн зөв мэдээллийг
өгч чадахгүй байна. Арав гаруй жил ерөнхий боловсрол эзэмшээд, дахин
дөрөв таван жил дээд боловсрол эзэмшихдээ бэлгийн чиг баримжаа бол
сонголт биш гэдгийг ойлгоогүй байна. Ойлгохгүй биш, ойлгуулахгүй байна.
Суралцсан 15 хичээлийн жилийн цагийг тооцон гаргая. Сард 128 цаг.
Хичээлийн жилд 1280 цаг. 15 хичээлийн жилд 19200 цагийг суралцан
өнгөрүүлж. Харамсалтай нь энэ их хугацаанд бэлгийн чиг баримжаа, бэлгийн
цөөнх гэж юу болох талаар нэг ч цагийн хичээл байсангүй. Ядаж ганц
цагийн хөтөлбөрөөр үнэн зөв мэдээлэл өгч чадсангүй. “Гей, лесбиан,
бисексуал, трансжендэр” гэдгийн утгыг нь байтугай үгийг нь сонссонгүй.
Тэд ч бас өөрсдийнхөө талаар үнэн зөв ойлголтыг авч чадахгүй. Өөртэйгээ
ижил хүйстэй охидыг, хөвгүүдийг яагаад сонирхоод байгаагаа ойлгохгүй.
Өөрийгөө гажиг гэж бодно. Нөхөд нь ижил хүйстнүүдийн тухай онигоо ярьж
инээлдэхэд дагалдан инээнэ, гэвч дотроо шанална. Үеийнхэн нь “сайн”
хүндээ өөрийгөө илчилж байхад тэд өөрийн хүслээ улам бүр нууцлана. Хүний
хоол хүнс, хувцас, орон байрнаас дутахааргүй хэрэгцээ болох өөрийгөө
илэрхийлэх хэрэгцээ нь тэдний хувьд хаалттай. Хэрэв өөрийгөө илчилбэл,
бүгд түүнийг чичлэнэ. Түүний найз байх нь хүртэл ичгэвтэр болно. Иймд
илчлэгдсэн цагаас тэр ганцаардах болно. Хичээл дээр нь энэ тухай зөв
мэдлэг олгохгүй тул тэд өөр замаар мэдээлэл хайна. Тэр нь интернэт. Ямар
ч хяналтгүй, сайн муу нь мэдэгдэхгүй мэдээллээс тэд өөрсдийнхөө тухай
олж мэднэ. Гутарна. Айна. Бусдын хувьд жигшил төрмөөр гаж донтон мэт
санагдана. Өөртэйгээ адил нэгнийг олж авах гэж мэдээллийн энэ орчинд
хайлт хийнэ. Гэвч тэдний энэ эрэлхийллийг өөр нэгэн буруугаар ашиглана.
Нийгмийн үзэн ядалтанд байсаар байгаад нийгмийг үзэн ядагчид болж
хувирна.
Тэдний тухай мэдээллийг хайх явцад нэг зүйлийг улам
баттай мэдэв. Бас ч үгүй боловсролтой хэсгийн хэрэглэгчидтэй мэдээллийн
сайтад “Улс орнуудын хүн амын арав орчим хувь нь бэлгийн цөөнх байдаг”
тухай мэдээлжээ. Гэтэл энэ тухай мэдээллийн доор бичигдсэн коммент буюу
сэтгэгдлийн 98 хувь нь эсэргүүцсэн зүйл бичжээ. Зүгээр эсэргүүцэхээр
барахгүй доромжилж, заналхийлж. Хэдийгээр өнөөгийн нийгэм хүн бүрийг эрх
чөлөөтэй, тэгш эрхтэй хэмээн тунхагладаг боловч бэлгийн цөөнхийг хүлээн
зөвшөөрөх хэмжээнд хүрээгүй л байгаа нь улам тодорхой болов. “Нийгмийн
сайн сайхны төлөө шаардлагагүй цөөнхийг зохиослож байж хөгжинө” “Та нар
хоорондоо л явалд, битгий жоохон хүүхдүүдийг уруу тат” “Ямар сэжгийн юм
бэ, ийм хүний бус зүйлийг сурталчлахаа болиосой” гээд бичих нь бүү хэл
уншихад ч эвгүйцмээр зүйлс цааш уртаас урт үргэлжилнэ. Тэд “хүн өөрийн
бэлгийн чиг баримжааг сонгодоггүй. Эхийн хэвлийд үр хөврөл бүрэлдэж
эхлээд өнчин тархи бүрэлдэж эхлэхэд хүний бэлгийн чиг баримжаа тогтдог
ба төрөлхийн учир түүнийгээ өөрчилж чаддаггүйг олон орны эрдэмтэд
нотолсон” гэдгийг сонсоогүй, хэн ч тэдэнд сургаагүй тул ийнхүү үзэн ядаж
буй нь аргагүй. Бэлгийн цөөнхийг хамгаалсан, өмгөөлсөн үгс цөөн
харагдах хэдий ч өмгөөлж үг хэлснийх нь төлөө доромжлуулж, үгийн муугаар
дуудуулна. “Цөөхөн байна гэдэг нь гаж гэсэн үг биш. Үр хүүхэд чинь ижил
хүйстэн болж төрвөл яах вэ? Ингээд та нар хараагаад үр хүүхдээсээ
амьдын холбоогоо таслах уу?” “Уруу татагдаад бэлгийн чиг баримжаагаа
өөрчилчихдөг ч юм биш” “Би та нараас талх гуйгаагүй. Тайван амьдармаар
байна л гэж гуйж байна” гэх үгсийг ойлгохыг хүссэн “зочин” даанч алга.
Дээрх
үл ойлгогчдын сэтгэлгээг өөрчлөх өөр нэг орчин боловсролын орчин байх
ёстой мэт. Ойлгуулахын тулд багш сурган хүмүүжүүлэгчдийн хандлага мөн
өөрчлөгдөх ёстой мэт. Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн
гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнөөс хойш одоогын байдалаар дэлхийн нийт 40
гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг
зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь
хэлэлцэгдэж байгаа гэнэ. Монголд ийм хууль гаргах нь битгий хэл ийм
хууль санаачилсан гэвэл тэр гишүүн адлагдана. Иймд хуулийн зөв орчин
гэхээс өмнө сэтгэлгээний зөв орчинг эхлээд бий болгох хэрэгтэй. Үүний
тулд хичээлийнхээ 19200 цагаас ганцхан цагийг нь өгчих. Чишш..Намайг
бэлгийн цөөнхийг хамгаалсан гэдгээс минь болоод гадуурхах вий.. Бид ийм л
харанхуй, айдас төрөм нийгэмд амьдарсаар л байна шүү дээ.