“Өшөө авахаа тангараглая”

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

“Өшөө авахаа тангараглая”

Тус орны хойд хилийн постод халдсан хэрэгт холбоотой бүхнээс өшөө авна гэдгээ Египетийн армийн дээд хүрээнийхэн зарлав.  Мөн үүнтэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн шинэ ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засаг авангуутаа террористуудын толгойлогч нарыг өршөөн алан хядагчдад тус боллоо гэж шүүмжлэв.

“Тэднээс өшөө авахаа тангараглаж байна. Египетчүүд удаан хүлээхгүй. Энэ террорист ажиллагаатай холбоотой хэн ч хаана байгаагаасаа үл хамааран ойрын хоногуудад шийтгэгдэнэ” хэмээн Цэргийн дээд зөвлөл даваа гаригт мэдэгдсэн юм.

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси Синайн хойгт аюулгүй байдал тогтоон довтолгоон гаргуулахгүйн төлөө бүхнийг хийнэ хэмээн амласан юм. “Хилийн Карм Абу-Салем постод халдсан хэргийн хариуг өгөх болнр” хэмээн ерөнхийлөгч амлав.

Одоо Рафахын ойролцоох хилийн бүсэд байдал тогтворжсон байна. Египетийн эрх баригчид тус улсыг Газын зурвастай холбодог Рафах дахь хилийн боомтоо тодорхойгүй хугацаанд хаахаар шийджээ.

Хилийн постод Синайн уугуул иргэдтэй холбоотой “Аль-Жихад” ба “Нүглээ наминчлах ба хижра” гэх хэт даврагчдын бүлгийнхэн халдсан хэмээн Египетийн Дотоод яам мэдээлэв. Уг довтолгоонд хойгт амьдардаг египетчүүд болон Газын зурвасаас нэвтэрсэн палестинчууд оролцжээ.

Египетийн Хилийн цэргийн командлагч генерал Ахмед Юсеф хойгт хүрэлцэн очиж мөрдөн байцаалтын ажлыг удирдаж байна. Генералын хэлснээр хилийн постод халдсан нөхцөл байдал одоо ч тодроогүй байгаа гэнэ.

Довтолгоонд хүргэсэн өршөөл үү?

Египетийн сөрөг хүчний консерватив намын Каир хотноо мэдэгдэл гаргав. Исламын бүлэг­лэлийн удирдагчдыг өршөөсөн Египетийн шинэ засгийн үйл ажиллагаа нь Хилийн постод халдах боломжтой болгосон гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

“Рафах хотын ойролцоох хилийн постод халдсан үндсэн шалтгаан нь Синайн хойгийн уугуул иргэдийн ашиг сонирхлыг үл тоомсорлосон явдал биш, Египетийн аюулгүйн албаны хүч суларсан хэрэг ч биш. Харин саяхан исламын байгууллагуудын лидерүүдийг өршөөн сулласнаас үүдэлтэй” хэмээн мэдэгдэлд хэлжээ. Хувьсгалаас өмнө байгуулагдсан Консерватив нам нь ерөнхийлөгч Хосни Мубаракийн эсрэг сөрөг хүчний эвсэлд орж байсан, гол төлөв бизнесийнхэн болон либерал консерватив хүрээний дэмжлэг авдаг, нэр хүндтэй нам ажээ.

2011 оны хувьсгалаас өмнө шашны хэт давралтад буруутай гэж Цэргийн шүүхээр шүүгдсэн 26 хүнийг Мурси долдугаар сарын сүүлчээр өршөөн сулласан билээ. Тэдний найм нь “Мусульман ахан дүүс” байгууллагын идэвтнүүд, үлдсэн хүмүүс нь “Аль-Жихад” ба “Аль-Гамаа аль-Ислямия” гэх хэт даврагч бүлгийнхэн байжээ. “Рафахын ойролцоо гарсан эмгэнэлт хэргийн хариуцлагыг хэт даврагч бүлэглэлийн лидерүүдийг өршөөсөн хүмүүс хүлээх ёстой. Иймэрхүү хэргээр тэд бүх насаараа хорих ял эдэлж байсан юм” хэмээн консерваторууд сануулж байна. Египетийн хэт давралтын гол заналхийлэл болсон гэмт хэргийн бүлэглэлээс Синайн хойгийг чөлөөлөхийг тэд эрх баригчдаас шаардлаа.

Тэмдэглэхэд, Мурси нь ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнд хамрагдаж байсан юм. Уг хөдөлгөөний байгуулсан “Эрх чөлөө, шударга ёсны намаас” Мурси ерөнхийлөгчид нэр дэвшсэн билээ.

Даваа гаригт шилжих шөнө үл танигдах этгээдүүд хоёр хуягт машинтайгаар хилийн постод довтолсон юм. Тэд эхлээд хутгатайгаар хилчдэд халдаад дараа нь тэдний байрыг танкийн эсрэг зориулалтын хэд хэдэн пуужингаар бууджээ. Дайчид дараа нь Израилийн нутагт нуугдахаар оролджээ. Хилчидтэй хийсэн байлдаанд тэдний нэг машин дэлбэрч, өөр нэг хуягтыг нь Израилийн нисдэг тэрэг сөнөөжээ.

Террористууд Синай хойг дахь Египетийн цэргийн постыг эзлээд хоёр хуягтыг нь олзолсон байна. Тэдний нэг нь Египет-Израилийн хил дээр дэлбэрч нөгөөг нь агаараас нисдэг тэргээр сөнөөлөө” хэмээн Израилийн цэргийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Египетийн аюулгүйн албаны мэдээгээр тулалдааны явцад 17 хэт даврагчийг устгасан гэнэ. Энэ довтолгооны явцад Египетийн 16 цэрэг офицер амиа алджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж