”Сайншанд ЭЗ-ийг 4.3 нэгжээр нэмэгдүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

”Сайншанд ЭЗ-ийг 4.3 нэгжээр нэмэгдүүлнэ”

Сүүлийн
жилүүдэд уул уур­хайн салбар эрчимт хөдөлгөөнд орох болсон нь эдийн
засгийн өсөх хөшүүргэ болсон гэх. Бүтээн байгуулалтын энэ он жилүүдэд
“Оюутолгой” шиг олон мянган хүнийг ажлын байраар хангаж, тус бүс нутгийг
олны хөлд дарах өөр нэгэн ажлыг “Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор”
байгуулах гэдгээр албаныхан онцолж байгаа. Үүнийг “Дорнын говиос
сэвэлзсэн хөгжлийн салхи” гэж нэрлэх нь ч бий. Тодруулбал, Дорноговь
аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт гадаадын “Бектел” компанитай
хамтран  дагуул үйлдвэрүүдээс бүтэх аж үйлдвэрийн цогцолбор байгуулах
талаарх мастер төлөвлөгөөг энэ оны зургадугаар сард Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Ийнхүү мастер төлөвлөгөө бэлэн
болсон бол хамгийн тулгамдсан асуудлыг боловсон хүчний чадавхи, нөөц
болох тухай төслийнхөн тайлбарлаж буй. Цогцолборыг барьж дуусах эцсийн
хугацааг 2018 он гэж байна. Ямартай ч бүтээн байгуулалт 2013 оноос
эхэлж, 2018 он гэхэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бодитоор харах
нь.  
Цогцолборын
талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Санхүү, хөрөнгө оруулалт,
нийгмийн бодлогын газрын дарга Б.Ганбаатартай ярилцлаа.


-Одоогоор
мастер төлөв­лөгөөгөө баталсан гэж байна. Ер нь цогцолбор байгуулах
бодлого, эрх зүйн орчин бий болсон гэж үзэж болох уу?

-Тийм
ээ, агуу том бүтээн байгуулалт өрнөхөд хамгийн чухал эхлэл нь мэдээж эрх
зүйн орчин. Тэгэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ,
хамтран ажиллах, мастер төлөвлөгөөг батлуулчихлаа. Энэ ажил олон жилийн л
өмнөөс яригдаж эхэлсэн. Ийнхүү саяны зурга­дугаар сард мастер
төлөвлөгөөг баталсанаар олон жилийн хүлээлтийг дорвитой алхмаар
урагшлууллаа.  Гэхдээ цаашдаа сайжруулах бодлогын чанартай зүйл олон
бий.

-Сайншандын аж үйл­д­вэ­рийн цогцолбор байгуулах ажил яагаад ингэж сунжирсан юм бэ?

-Тавантолгой
болон Оюутолгойн төмөр зам шийдэг­дэж, аж үйлдвэрийг байгуулахад түлхэц
өглөө л дөө. Ингэхээр энэ чиглэлдээ бүтээн байгуулалтын түүхий эд,
тоног төхөөрөмжийг тээвэрлэх, зорчих урсгалыг сайжруулж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, дэд бүтэц нь бий боллоо.

-Одооноос л том бүтээн байгуулалт өрнөнө гээд байна. Хэзээ ашиглалтанд орох дүр зураг байна вэ?

-Цогцолборын
гаднах дэд бүтцийг байгуулах ажил 2014-2017 онд, дотор дэд бүтэц 2013
оны сүүлчээс эхлээд 2017 он, нийгмийн байгууламжууд 2015 оны эхнээс
эхлээд 2018 онд барьж дуусгана гэсэн төлөвлөгөө бий.

-Цогцолборын дагалдах үйлд­вэрүүдийн тухайд?

-Монгол
Улс цемент, нүүрс, зэсийг өөр улс руу экспортолж, дараа нь бэлэн
бүтээгдэхүүн байдлаар эргүүлэн оруулж ирдэг. Энэ дамжлагыг халахын тулд
Сайншанд-аж үйлдвэрийн  цогцолборт зарим үйлдвэрүүдийг барих тухай
тусгасан. Тухайлбал, цементийн үйлдвэр 2013 оны дунд хэсгээс эхлээд 2015
он,коксын үйлдвэр 2014 оны сүүлчээс эхлээд 2017 он, зэс хайлах үйлдвэр
мөн 2014 оны сүүлчээс эхлээд 2018 онд, үрлэн төмрийн үйлдвэр 2015-2017
оны хугацаанд барьж дуусна.

-Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборыг Оюутол­гойн бүтээн байгуу­лалт­­­тай жишиж их ярих боллоо?

-Сайншандын
аж үйлд­вэрийн цогцолборын жинхэнэ бүтээн байгуулалтын инженер
техникийн ажилтнууд 2400-2500 орчим хэрэгтэй гэж үзэж байна. Үүнийг
дагаад хүн ам зүйн шинж чанараар цогцолбор даяар 10 мянган хүний
төвлөрөл бий болох нь. Төвлөрлийг дагаад Дорноговь болон бусад аймгуудад
нөлөөлөх боломжтой. Тиймээс энэ бүс нутагт хүн амын төвлөрөл бий
болохын хэрээр нийгмийн үйлчилгээ үзүүлдэг газруудыг барих гээд ажлууд
хөврөх учир адилтгаж болохуйц бүтээн байгуулалт юм. Тиймээс мэргэжилтэй
боловсон хүчнийг бэлтгэх нэн тэргүүний ажил байна. Цаашлаад цогцолборыг
амжилттай бүтээж, ашиглалтанд оруулбал, Монгол Улсын эдийн засаг одооны
байгаагаас даруй 4.3 нэгжээр нэмэгдэх тухай тооцоо гарсан.

-Боловсон
хүчний тал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хий­хэд
боловсон хүчний нөөц муу байна гэж дүгнэсэн шүү дээ. Үүнийг хэрхэн
шийдэх юм бэ?

-Ингэхдээ сургуулиуд, мэр­гэжил, сургалтын
төвүүд мөн гадаадад бэлтгэх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс цаашдаа
үүнийг ажил болгоод шуурхайвчлан хэрэгжүүлэх шаардлага бий. Үүнд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон “Жайка” олон улсын
байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж
байгаа.

-Үйлдвэр байгуулахаар тэнд ажиллах боловсон хүч­нийг байрлуулах байр бий болгох уу?

-Дээр
хэлсэнчлэн, 10 мянган хүн ажлын байртай болох нь. Үүнийг задалбал, шууд
буюу тогтмол ажлын байр нь 25 мянга орчим, үлдсэн нь ажлын онцлог
байдлаас хамаарч нэмэлт ажлын байрууд яваандаа бий болох юм. Тэгэхээр
цогцолбор байгуулах ажил тийм хурдан дуусчих биш. Аятай тухай байдлыг нь
бодож, ар гэрийнхнийг нь хамтад нь байрлуулах байдлаар ч юм уу, энэ
асуудлыг шийдэх юм. Ингэхдээ 21 мянган хүнтэй кэмп байгуулах боломжийг
судалж байна.

-Үүнээс гадна хүн ам олноор шилжихэд нийгмийн үйл­­­­­чилгээг мөн мартаж болох­гүй байх?

-Тэгэлгүй
яахав. Кэмп бай­гуулж, ажилтнуудаа байр­­луулах юм чинь, аюул осол
гарлаа гэхэд, яаралтай эмчилчихдэг эмнэлэг, сургууль, цэцэрлэг,
лаборатори байгуулна.

-Цогцолборын хувьд нийт­дээ хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай бол?
 
-Цогцолборын
хэмжээнд, дөрөв, таван үйлдвэрийг шинээр барихын тулд хөрөнгө 9.7
тэрбум ам.долларын хөрөнгө шаард­лагатай гэсэн тооцоо гарлаа.

-Хөрөнгийг хэрхэн шийдэх вэ?

-10
гаруй тэрбум ам.дол­ларын 1.3 тэрбум ам.долларын төсвийн хөрөнгө
оруулалтаас, нэг тэрбум ам.долларыг төр, хувийн хэвшлээс, бусдыг нь олон
улсын байгууллагын лэмжлэг, туслалцаа, гадаадын хөрөнгө оруулагч нартай
хамт­ран ажиллах зэргээр шийднэ.

-Гадаадын хөрөнгө оруу­лагч нарыг Монгол Улсын хувьд ч, хоёр талын харилцан ашигтайгаар хэрхэн оролцуулж болох юм бэ?

-Үүнийг
тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын орч­ныг төгс болгох хуулиудыг
боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс хөрөнгө оруулах тал
дээрх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай санал авч байна. Энэ
тодорхой болвол гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт мэдээл­лэж,
хөрөнгө оруулалтын хувь хэмжээ болон ашиглах, эзэмших, шилжүүлэх
концессын гэрээг хуулийн дагуу хийх юм. Ер нь аль хөрөнгө оруулагчид
тавих наад захын шаардлага бол хамтран ажиллаж байгаа аль аль талдаа
харилцан ашигтайгаар санал боловсруулсаныг нь сонгоно гэдэг зах зээлийн
дүрмийн дагуу шийднэ.

-Цогцолборын үйлд­вэ­рүү­дийн хүчин чадлыг хэрхэн тооцоолж байна?

-Цогцолборын
дагуул буюу зэсийн үйлдвэр жилд 1.39 сая тонн хүхэр, 15 тонн алт, 450
мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Коксын үйлдвэр хоёр сая тонн кокс,
үрлэн төмрийн үйлдвэр жилд 4.5 сая тонн үрлэн төмөр үйлдвэрлэх боломжтой
юм. Эдгээр үйлдвэр болон цогцолборын хэмжээнд жилд нийт 12 сая тонн
түүхий эд шаардлагатай болох тухай хамтран байгуулах “Бектел” компаниас
тодорхойлсон.

-Уул уурхайн том ажлын хувьд усны нөөц ярвигтай байдаг шүү дээ. Цогцолборт жилдээ хэдий хэмжээний ус шаардлагатай бол?

-Цогцолборын
бүтээн бай­гуу­­лалт болон үйлд­вэ­рүүдийн цаашдын хэрэглэх усны
нөөцийг жилд дунджаар 11.8 сая тонн гэж тооцоолж байна. Үүнийг Бор
хөөврийн ордын усны нөөцөөс хангах боломжтой. Мэдээж цаашдаа усны
нөөцийн өөр эх үүсвэрийг ашиглах талаар эрэл хайгуул хийнэ. 

-Сонсоод байх нь ээ, энэ бүс нутаг ид хөдөлгөөнд орох нь. Яагаад заавал Сайншандад гэж?

-Манай
улсын эдийн засгийн хурдасгуур буюу уул уурхайн олборлолт,  хайгуулын
төв зүрхэн газар болсон Говийн бүсэд, хөгжлийн үндэс болсон төмөр замын
сүлжээний  хамгийн ашиг­тай байрлалд цогцол­борыг байгуулах нь оновтой
гэж үзсэн юм. Дэл­гэрүүлбэл, Тавантолгой, Оюу­толгойгоос гарсан төмөр
замын дэд бүтцийн зангилаан дээр босоо тэнхлэгийн зам Сайншандад
огтлолцоно. Түүнч­лэн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаад
улсад экспортолж, ашиг олох боломж байна шүү дээ. Ингэхийн тулд Сайншанд
ОХУ болон Хятад улс руу гарах хамгийн боломжтой бүсэд тооцогддог юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж