Ким Чен Ун баячуудын талаар үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун баячуудын талаар үг хэлэв

Хойд Солонгос цэцэглэн хөгжсөн улс орон болж хүмүүсийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх ёстой хэмээн Ким Чен Ун мэдэгдсэн байна. Эдийн засгаа хөгжүүл гэсэн Хятадын уриалгад БНАСАУ ингэж хариулж байна. “Хойд Солонгост шинэчлэл зайлшгүй тулгарлаа. Харин систем нь гүнзгий өөрчлөлтөд орохгүй, дээд удирдлага нь өөрсөө эмзэг болно хэмээн айж байгаа” гэж шинжээч дүгнэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын хэвлэл мэдээлэл өөрийн удирдагч Ким Чен Уны Хятадын Коммунист намын Олон улсын харилцааны тасгийн тэргүүн Ван Зяжуйтай ярилцсан яриаг хэвлэжээ. Үүнд Хойд Солонгосын удирдагч ард түмэндээ хандан “цэцэглэсэн улс” байгуулж, “эдийн засгийг хөгжүүлэн амьжиргааны төвшинг сайжруулах”-ыг уриалсан байна.

“Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын цуглаан дээр ч биш, хүмүүс хаа сайгүй “ура” цуурайтуулж байхын тулд юу хийх ёстойг би саяхан та нарт ярьсан. Бид БНАСАУ-ыг баян хүмүүсийн орон болгоход л тэд уриагаа цуурайтуулна” гэж Кимийн хэлснээс Хятадын “Синьхуа” агентлаг иш татан дамжуулсан байна.

Ким Чен Ун эдийн засгийн салбарын болон хөдөө аж ахуйн хөгжлийн талаар дахин үг хэлж, өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан санууллаа. Энэ жилийн хавар Ким Чен Ын анх удаагаа “нөөц ба санг” хөдөө аж ахуй ба хөнгөн үйлдвэрт чиглүүлэх талаар үг хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд цөмийн болон пуужингийн туршилтаас болж олон улс хоригоо чангалж байгаа учраас Хойд Солонгосын эдийн засагт Хятадын тусламж чухал болоод байна. Мөн хүчтэй үерийн улмаас хөдөө аж ахуй нь ихээхэн хохирсон тул Ким Чен Ун НҮБ-ээс хүмүүнлэгийн тусламж гуйгаад байгаа. Кимийн мэдэгдлийн дараа Хятадын тал хоёр орны найрамдлыг бэхжүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр амлав.

Сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллээр Ким Чен Ун засаг авсны дараа Хойд Солонгосын бодлогын гадаад имиж өөрчлөгдөж буй тэмдэглэв. Тухайлбал, Хойд Солонгосын телевиз Лондоны олимпийн тоглолтоос үзүүлэх цагаа 15 минутаас таван цаг болгосон байна. Саяхан лидер нь Диснейн баатруудын дунд харагдаж, олны өмнө үг хэлсэн. Тэрээр эмэгтэйчүүдэд жийнс өмсөх, ээмэг зүүлт зүүхийг зөвшөөрчээ.

Хэдхэн хоногийн өмнө “Reuters” агентлаг Хойд Солонгосын жанжин штабын дарга дэд маршал Ли Ён Хо огцорсон тухай мэдээлэхдээ намын дээд хүрээнийхэн Засгийн газарт эдийн засгийн товчоо байгуулан шинэчлэл хийхээр бэлтгэж байна гэсэн юм. Шинэчлэлийг эхлүүлэх талаар одоогоор яриагүй байгаа ч Хятадын Дэн Сяопинийн шинэчлэлтэй адил байх бололтой гэж агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж