Орон нутгийн сонгуулиа мартаагүй биз?

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулиа мартаагүй биз?

УИХ-ын сонгуулийн маргаан татраагүй, нийслэлийн хоёр ч тойрогт дахин санал хураалт явуулах ёстой ч хэзээ гэдэг нь тун тодорхойгүй байхад дараагийн сонгууль айсуй. Энэ жил анх удаа УИХ-ын сонгуультай зэрэгцэн НИТХ-ын сонгуулийг явуулсан ч одоо аймгуудын буюу жинхэнэ ёсоор орон нутгийн эрх барих байгууллагыг сонгох сонгууль болох ёстой. Хэзээнээсээ л орон нутгийн сонгууль болохоор аймаг, аймаг дээр чамгүй тулаан өрнөдөг, өргөн уудам нутагтай, хүн ам нь тархай бутархай, дэд бүтэц сул Монгол Улсын хувьд орон нутгийн асуудал гэж томоос том асуултын тэмдэг, шүдний өвчин болдог. Орон нутаг эзгүйрч, төвлөрөл ихэссэн гэх боловч нөгөө талаасаа орон нутгийг эрх мэдэл, өөрөө удирдах засаглал сул гэсэн шүүмжлэл байдаг ч нөгөө талаасаа  уулын мухарт суугаа 300 хүнд цахилгаан “хүргэж” өгөх гэж хэдэн тэрбум төгрөгөөр шон татдаг, 100 хүрэхгүй хүүхэдтэй сургууль нь нийслэлийн 10000 хүүхэд чихэлдэж байгаа сургуультай ижил шахуу хөрөнгө мөнгө зарцуулдаг гэх мэтчилэн янз бүрийн шүүмжлэл байдаг. Юутай ч өнөөдөр тавигдаад байгаа хамгийн чухал асуудлуудын нэг нь яалт ч үгүй орон нутгийн засаг захиргааны шинэчлэл, орон нутгийн хөгжлийн гарцын шийдэл мөн билээ л. Гэтэл өнөөдөр арайхийн УИХ-даа багтаж орж ирсэн хэд нь хэл амаа ололцож чадахгүй Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаад хялалзаж сууна. Иргэд, намар өвлийн ажил хаяанд ирээд байхад яам, тамгын газрууд бүгд ажлаа хийхгүй хүлээлтийн “горим”-д шилжиж байгаад залхан засгийн ажлаа яаралтай эмхлэн байгуулахыг шаардсан хэвээр ч найдлага сулхан. Ийн УИХ дахь намууд нь эвэндээ орохгүй ядаж байх зуур орон нутгийн сонгууль хаяанд тулав. Зуны сар зургаа биш юм хойно, тун удахгүй аймаг, орон нутгийн сонгууль болох ёстойг санаж байгаа хүмүүс байна уу гэж эргэлзмээр. Эрх биш улстөрийн намууд даагаа нэхэх сонгууль айсуй гэдгийг сайтар санаж бэлтгэж байгаа байх. Ялангуяа УИХ, нийслэлийн сонгуулийн ялагдлын дараахь гашуун өдрүүдэд орон нутгийн сонгуульд намаа ялуулахын төлөө ажиллана хэмээн амласан МАН-ын шинэ удирдлагууд үүнийгээ санахын дээдээр санаж бас, бэлтгэхийн дээдээр бэлтгэж байгаа биз. Мэдээж хэрэг Ардчилсан нам ч УИХ, нийслэлд ялалт байгуулав гээд орон нутгаа умартаагүй нь лавтай. Тэр тусмаа орон нутгийн сонгуульд “хөлгүйтчих” гээд байдаг “туршлагатай” нам болохоор. Өнгөрсөн бүх орон нутгийн сонгуулиудад цөөхөн аймагт л Ардчилсан намынхан ялалт байгуулж байсан.

Харин МАН-ын хувьд 20 жилийн турш шахам орон нутгийг атгаж байгаа, өөрсдөө ч орон нутагт “хөлтэй” нам гэж сайрхдаг. Тийм ч учраас орон нутгийн сонгуульд найдлага тавьж байгаа нь тодорхой. Гэвч Ардын намын шинэ удирдлагуудын өмнө бас нэгэн хүндхэн сорилт тулгараад байна. Өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа ард түмний “сэтгэгдэл” аль чигт илүү хандаж байна вэ гэдгийг тодорхойлоход хэцүү. Тэр тусмаа шинэ Засгийн газраа байгуулж чадахгүй удааширч байгаад “Ялагдаж үзээгүй МАН тахимаа өгсөнгүй” хэмээн жирийн иргэд бухимдаж байгаа. Түүний зэрэгцээ УИХ-д магадгүй зарим хүний таамаглаж байгаагүй олон суудал авсан МАХН орон нутагт ямар жин дарж байгааг тодорхойлоход хэцүү байгаа биз. Магадгүй өмнө УИХ-ын сонгуулиар МАХН-ыг үнэлж чадаагүй алдаан дээрээ ч сургамж авч байгаа л байлгүй.

Гэтэл одоо Засгийн газраа байгуулж чадахгүй хэрүүл хийн гуйж, эдүгээ сул гишүүд болон “ганхалдаж”, Төрийн ордноор ч үзэгдэж харагдахгүй Тусгаар тогтнолын ордондоо тухалж байгаа МАН-ынхны нөлөөлөл, нэр хүнд хөдөө орон нутагт илт суларч байгаа гэсэн “прогноз”-ыг дэвшүүлэх хэсгийнхэн ч байна.

Мэдээж хэрэг даагаа нэхэх гэж байгаа намынхан орон нутагт өөрсдийн гэсэн судалгаа тандалтаа хийж л байгаа байлгүй. Гэхдээ одоогоор ямар нэгэн судалгаа, шинжилгээний талаарх ч мэдээлэл алга. Хөдөө орон нутагт ажиллаж байна гэсэн ч чимээ алга. Дам сургаар бол намын дотоодод ч хөдөө орон нутагт итгэл алдарсан сурагтай, дарга нарын царай баргар байгаа гэнэ. Орон нутгийн сонгуулийн өмнө хөдөө орон нутгийн иргэдийн дунд энэ мэтээр нэр хүндээ алдсаар байх юм бол хэрхэх билээ гэж сандарч байгаа юм байна. Ялагдлын гутрал, араас нь засаг төрөө эмхэлгүй хойш татав хэмээх зэмлэл, дээрээс нь өнгөрсөн долоо хоногт болсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурал гээд МАН-д таагүй цохилтууд ирсээр байна. Ялангуяа Н.Энхбаяр даргыгаа хөлийг нь гозолзуулан баривчилж, хар өлсгөлөн зарлан, зовлонд хатаж байхад нь өрөвдөх сэтгэлгээтэй монголчууд нийтээрээ ганхирч, МАН, МАХН хоёрын дунд хэрхэхээ мэдэхгүй тэлээлж байсан олон хүн монгол зангаараа “зодуулсан” талыг сонгосон шиг сэтгэлзүй экс Ерөнхийлөгчийг шүүхээс дөрвөн жилийн ял сонссоод хоригдож буй энэ өдрүүдэд хүчтэй болж магадгүй байна.   

Ийм хөдөлгөөнт хүнд өдрүүдэд МАН-ын шинэ удирдлага ч шийдтэй шийдэмгий, итгэл үнэмшил төрүүлэхүйц дүр төрх илэрхийлэхгүй байх шиг. Орон нутагт “хөл” сайтай гэдэг МАН-ын намын хорооныхон нь ч “дээр”-ээс ирүүлж байгаа чиглэл, анхааруулга байхгүй болохоор гайхширч гүйцээд байгаа. Зарим нь “Маниусыг тоож санаж байгаа хүн энэ нам дотор байна уу” гэж цөхрөнгүй асууж байгаа сурагтай.

За ямар ч л гэсэн орон нутгийн сонгууль болдгоороо л болно. Тэр хүртэл ч багахан хугацаа үлдээд байгаа. Даагаа нэхнэ гэж байгаагийнх МАН-ынхан хөдөө орон нутагтаа нэг “анхаарна” байгаа, хүмүүсийн ам, сэтгэл ч нэг л биш болсон сурагтай байна шүү.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж