Эвдэрсэн замуудыг энэ жил засахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Эвдэрсэн замуудыг энэ жил засахгүй

Хаашаа ч харсан хаалттай замууд иргэдийн хамаг уурыг барж байна. Ганц километр хүрэхгүй яваад л засварлаж байна, нөхөж байна, сэргээж байна гэх шалтгаанаар хаасан замууд. Ганц километр замыг дор хаяж 30 минут зүүрмэглэн байж туулж байна. Ямар сайндаа “зам засварын ажил дуустал ажил дээрээ чемодантай хувцсаа чирээд ирэхээс” гэх яриа гарах вэ дээ. Ингээд иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор хаана хаана зам засварын ажил хийгдэж байгааг сонирхлоо.

Өнөөдрийн байдлаар доорхи замуудын хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийгдэж байна.

Хаалттай замууд

Хэзээ дуусах вэ?

100 айлын Сэлбийн гүүрний нэг тал

9 сарын 07 хүртэл

Сансрын тунелийн зүүн талын
уулзвар

9 сарын 01 хүртэл

Циркийн зүүн талын зам

тодорхойгүй

Байгалийн түүхийн музейн
уулзвараас хойшхи 260 метр зам

Бороотой холбоотойгоор тодорхойгүй
хугацаагаар хойшилсон

Баруун дөрвөн замаас Өгөөжийн
уулзвар

 9 сарын 15 хүртэл

Хайлаастын
уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх

8 сарын 16 хүртэл

МУИС-ийн нэгдүгээр байрны өмнөх
уулзвараас Улаанбаатар банк хүртэл

тодорхойгүй

Автобуснууд чиглэлээ өөрчилжээ

Дээрхи замууд, гүүр, уулзваруудыг хаасантай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт ороод байгаа. Тодруулбал, 100 айлын гүүр, Аюулгүйн тойргоор Сансарын тунел руу урууддаг байсан автобуснууд Америк элчингийн өмнүүр гарч, Чингис зочид буудлын өмнөх замаар XIII хорооллын замруу орж байгаа. Харин Сансарын тунел уруудан Офицеруудын ордныг дайран өнгөрдөг автобуснууд Цайз зах хүрдэг замаар явж байгаа юм. Мөн Долоон буудал, Чингэлтэй, Ар Согоот Салхит гээд зуслангийн чиглэлийн автобус, тээврийн хэрэгслүүд Хайлаастын замаар өгсөж, эцсийн буудлын уулан дээгүүр Чингэлтэй рүү давж байгаа аж. Дээрхи маршрутаар ихэнхи тээврийн хэрэгслүүд ирэх есдүгээр сар хүртэл явахаас аргагүй болжээ. Мөн Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг хааж зам засварын ажлыг хийж эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд өөрчлөлт оржээ. Энэ өөрчөлт нь энэ сарын 13-ныг хүртэл мөрдөгдөх юм байна. Эдгээр өөрчлөлтийг иргэд мэдээгүйгээс болж төөрөх, ажлаасаа хоцрох, иргэн кондуктор хоёрын хооронд маргаан үүсэх явдал цөөнгүй байгаа гэнэ. Тиймээс иргэдийн зүгээс явах чиглэлээ сайтар лавлах, кондукторууд иргэдэд маршрутаа байнга сануулж байхыг Нийтийн тээврийн газраас зөвлөж буй аж.

Борооноор эвдэрсэн замуудыг засварлах уу?

Энэ зуны орсон бороо ихэнх замуудыг эвдэлж, сүйтгэсэн. Жолоочид хаана нүх, цооног байгаа бол гэж хаширлан аль болох удаанаар хөдөлгөөнд оролцож буй ч машиныхаа эд ангийг эвдсэн жолооч олонтаа гарчээ. Энэ зуны орсон бороо, үерээс болж сүйдсэн замуудыг намраас өмнө засварлах эсэхийг албаны хүнээс тодруулахад, “Энэ жил нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийгдэж байгаа. Тодруулбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулсан. Үүнд шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр замуудыг засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчилэх ажил дуусах шатандаа ороод явж байгаа. Одоогоор бид засварлахаар төлөвлөсөн нийт замын 90 орчим хувь, шинээр барих замын 10 хувийг тус тус хийгээд байна. Тиймээс энэ жилдээ багтаан шинээр эвдэрсэн замуудыг засварлах боломжгүй” гэв. 

Офицеруудын зам гурван эгнээтэй болно

Жуков, Офицеруудын ордны зам гээд Зүүн дөрвөн замаас Чулуун овоо хүртэлх зам ёстой л жолоочдын арга аашийг бардаг. Баяртай мэдээ дуулгахад, энэ замыг энэ сарын 06-наас эхлэн засварлаж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн автозамын газрын мэргэжилтэн Ч.Жаргалсайханаас тодрууллаа.

-Офицеруудын ордны замыг засварлана гэсэн. Яг аль замыг засварлах вэ?

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Чулуун овоо, тролебусны эцэс хүртэлх нийт 4.5 километр замыг шинэчилэхээр болсон. Энэ ажил уржигдраас эхлээд байна.

-Энэ замыг бүрэн шинэчлэх гэж байгаа гэсэн үг үү?

-Энэ замд 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй байсан. Тиймээс бид энэ удаа бүрэн шинэчлэлт хийнэ. Бүх замыг хуулан дахин шинэ зам хийнэ гэсэн үг. Замын ажил ирэх 2013 оны наймдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэнэ.

-Ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? Замыг өргөсгөх үү?

-Тэгэлгүй яах вэ, энэ хэсэгт замын хөдөлгөөний түгжрэл ихээр үүсдэг. Тиймээс бид энэ замыг гурван эгнээтэй болгож байгаа. Мөн замын дундах ногоон байгууламж, явган хүний зам гээд бүгд өөрчлөгдөнө.

-Төв замын дагуу маш олон дэлгүүр павильонууд үйл ажиллагаа явуулдаг. тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх үү?

-Газарт орсон цөөнгүй газрууд байгаа. Тэд замаа тавьж өгөх ёстой. Ойролцоогоор 40-өөд дэлгүүр, павильоныг нүүлгэх тооцоо гарсан.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж