Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.08-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангалаа

Лондонгийн олимпийн наадмыг зорьсон Монголын багийн хамгийн отгон гишүүн, Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоян. Н.Төгсцогтын хувьд өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргад Миша Алоянтай таарч, илүүрхэж байсан билээ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.

Дашрамд дуулгахад, Лондонгийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын
цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй хүрэл медалийн төлөө 
тоглох билээ.

Бичлэг үзэх

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж