Байнгын хорооны дарга нарыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны дарга нарыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигчийг хүн нэг бүрээр танилцуулан, баталлаа. Ингэхдээ Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг нэр дэвшүүлсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Цолмон танилцуулсан бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн Л.Цог танилцууллаа. Нэр дэвшигчтэй холбоотой асуудлын хүрээнд асуулт асуух гишүүд байсангүй, мөн санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд шууд санал хураалтад орсон юм.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжиж баталсан бол Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг гишүүдийн 97.7 хувийн саналаар дэмжиж баталлаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин баталсан бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг гишүүдийн 97.6 хувийн саналаар дэмжин тус бүр баталлаа. Чуулганы энэ удаагийн нэгдсэн хуралдаанд нийт 42 гишүүн оролцлоо. УИХ-ын дарга байнгын хорооны даргаар томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүсээд, МАН-ын гишүүдэд хоёр ч удаа байнгын хороонд харьяалагдах хүсэлтийг нь авах бичгийг илгээсэн тухай онцлоод өнөөдрийг хүртэл хэн ч саналаа илэрхийлээгүй байгаа тухай дуулгав. Гэхдээ аль ч байнгын хороонд харьяалагдах боломж нээлттэй болохыг хэлээд, байнгын хороодыг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан болохыг хэллээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.

 Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж