Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын тангаргаа өргөснөөс хойш яг нэг бүтэн сар гацаанд суусан эрхэм гишүүдийн ажил өнөөдрөөс нэг алхам урагшиллаа. Өнгөрсөн нэг сарын турш УИХ-ын даргаар З.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакейг баталснаас хойш өөр ажил бараг хийж чадаагүй байсан юм. УИХ дахь МАН-ын гишүүд Өвөрхангайн хоёр гишүүний асуудал, зарим тойргийн саналыг гараар дахин тоолох, УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон зэрэг асуудлаар АН-тай зөвшилцөх нэрээр өнгөрсөн нэг сард чуулганы танхимд орж ирээгүй. Гэхдээ өнөөдөр УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаж зөвшилцлөө үргэлжлүүлж буйгаа дуулгасан нь тэдний хувьд бас л нэг алхам урагшилсан явдал болов. Цэцэд хандсан асуудал нь ч сураггүй байгаа бололтой.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат парламентад суудалтай нам, эвслүүд учир зүйгээ ойлголцож, элэг бүтэн парламентаа бүрдүүлэхийг бусдадаа уриаллаа. Зөвшилцөх, санал зөрөлдөх асуудлууд байж болох ч явцын дунд болж бүтэх тул сонгогчдоос авсан итгэл найдварын хариуд шуурхай ажиллах ёстойг сануулав.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэргээр шүүсэн хэмээн үзэж буйгаа жичид нь авч үзэн төр, засгаа бүрдүүлэх ажилд шуудрахаа илэрхийлэв.

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар бие даагч гишүүн Ц.Даваасүрэнг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар АН-ын бүлгийн гишүүн Б.Гарамгайбаатарыг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар мөн бүлгийн Г. Бярсайханыг, Аюулгүй байдал, гадаад бологын байнгын хорооны даргаар “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ц.Цолмонг тус тус сонгон тогтоол баталлаа.

Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Өргөдлийн байнгын хороодыг маргааш хуралдуулан дарга нарыг нь сонгох юм. Ингэснээр маргааш гэхэд УИХ-ын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаа үндсэндээ жигдэрнэ.

Үүний дараа УИХ-ын дэд дарга нарыг сонгох асуудал үлдэнэ. Мөн Ерөнхий сайдыг тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болоод байна.

Өнөөдрийн хийсэн бас нэг том алхам нь Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжилсан явдал байлаа. Баатар хотын баатар дарга тамга тэмдгээ авмагцаа нийслэлийн замын түгжрэлийг зохицуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд ханцуй шамлан орохоо илэрхийлэв.

Цөөнх болсон МАН-ын зүгээс АН-ыг шантаажилж, “Шударга ёс” эвслийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөрвөн жилээр хорих ял оноосонд цочирдон хэсэг балмагдаж байсан байдлаасаа салж, ийнхүү төр, засгийн ажил цэгцрэх тийш хандан гацаанд байсан ажил алхам урагшиллаа.

Маргаашаас гацаа бүрэн арилж ажил жигдрэх шинж бүрдлээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж