Нийслэлийн 31 дэх дарга ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 31 дэх дарга ажлаа хүлээж авлаа

Өчигдөр хуралдсан НИТХ-аас Нийслэлийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд батламжилсан Эрдэнийн Бат-Үүл Улаанбаатар хотын 31 дэх даргын үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26,3-д заасныг үндэслэн Ерөнхий сайд С.Батболд түүнийг Нийслэлийн Засаг даргаар томилж, батламжийг нь гардуулсан юм. Үүнийхээ дараа Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, түүнийг хүлээж байсан Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 30 дахь даргаар дөрвөн жил ажилласан Г.Мөнхбаяраас тамгаа гардаж авлаа. Засаг дарга асан Г.Мөнхбаяр тамгаа гардуулж, ажлын амжилт хүсээд нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцын тайланг хүлээлгэн өглөө.    Энэ оны эхний долоон сарын байдлаар нийслэлийн төсвийн орлого 14.9 тэрбум төгрөгийн давалттай байгаа  бөгөөд дансны нийт үлдэгдэл 133.394 тэрбум төгрөг байгаа юм. Төсвийн мэдээллийг танилцуулсны дараа тэрбээр өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогыг нь хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан бүх хамт олондоо талархлаа илэрхийллээ.

Нийслэлийн 31 дэх даргаар сонгогдсон Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг хөгжүүлж, бахархал төрүүлэх хот болгохын төлөө зүтгэхээ амлаад нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх намынхаа мөрийн хөтөлбөрөөс нэн түрүүнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлаа шуурхайлна гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж