![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/da05209ae299db62/d75b329c61ca00ebig.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 17.00 цагт зарлаж, бүх байнгын хороодын дарга нарыг батлах чигтэй байсан ч, “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж буйгаас шалтгаалж, дөрвөн ч байнгын хорооны хуралдааныг маргааш болгож хойшлуулжээ. Ингэснээр УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын дарга нарыг чуулганаар батлах болж байна. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус бүр томилуулах саналыг холбогдох байнгын хорооноос чуулганд оруулж батлуулах боломжтой болсон гэсэн үг юм.
Нэг зүйлийг онцолход, “Шударга ёс” эвслийн хувьд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргыг өөрсдийн бүлгээс томилуулахтай хүсэлтэй байгаагаас дөрвөн ч байнгын хорооны даргыг томилох асуудал маргааш болж хойшилсон гэх мэдээлэл байна. Харин тус байнгын хорооны бүрэлдэхүүнд дээрх эвслээс УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар багтдаг аж.
Г.ДАРЬ