Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 14

Тавдугаар сарын 14-ний баяр

Оросын фрилансерын өдөр

Энэ өдөр Оросын фриланс бирж Free-lance.ru. байгуулагджээ. Фрилансер (freelancer – чөлөөт жад баригч буюу чөлөөт харваач)  гэдэг нь ямар нэгэн компанид ажилладагүй, өөрөө бие даан захиалагч нараа сонгон өөрийн хуваариар ажилладаг хүнийг хэлнэ. Хуучин Зөвлөлтийн орон зайд энэ үзэгдэл газар аваагүй ч сүүлийн үед интернэтийн хөгжлийг дагаад фрилансеруудын тоо өсч байна.

Гүржийн Тамароба

Гүржийн үндэсний баяр. Ариун буянтан хатан хаан Тамараг дурсах өдөр ба 1917 оноос хойш тэмдэглэгдэж байна.
Хатан хаан Тамараг хаан ширээнд суулгасан баримт нь домог дагуулдаг. ХII – ХIII  зууны заагт  амьдарч байсан Тамара Багратиони, Гүржийн түүхэнд анхны эмэгтэй хаан болжээ. Тэрээр 1184 онд хаан ширээнд суунгуутаа шашны лидерүүдийг цуглуулан тэдний хоорондын зөрөлдөөнийг алга болгон захиргаатай болгосон юм. Сахилгагүй лам нарын санваарыг хураан хөөсөн байв. Тариачдын амьдралын хөнгөвчилж чадсан гэж Тамараг үздэг.
Хааны зөвлөл болох Дарбази  хатан хааны нөхөр болох хүнээр Их ван Андрей Боголюбскийн хүү Юрийг сонгожээ. Гүржүүдийн Георгий Руси гэж нэрлэсэн Юрийг Гүржид авчран Тамарагийн нөхөр болгосон байна. Тамараа өөрөө Юрийг сайн судалж байгаад гэрлэнэ гэсэн боловч Дарбазийн шийдвэрт захирагджээ. Хатан хаан 1187 онд Юрийгээс салаад тэр Гүржээс хөөгдөв.
Жилийн дараа Тамара Багратионы омгийн Давид Сослантай хоёр дахь удаагаа гэрлэв. Нөхрийг нь Тамарагийн авга эгч Русадан хүмүүжүүлсэн байжээ.
Гэтэл Георгий Руси хоёр ч удаа эргэн ирэхийг оролдлоо. Том феодалуудын зарим нь түүнийг дэмжин Тамарагийн эсрэг бослого гаргасан байна. Гэвч тэр хүнд цагаар Тамара өөрийн талынханыг нэгтгэн бослогыг даржээ. Юрийг дэмжигчид тушаал ба хөрөнгөө хураалгасан байв. Георгий Руси 1193 онд дахин Гүржид ирэх гэсэн боловч  ялагджээ. Дотоод улс төрийн байдлаа эмхлээд хатан хаан гадаад хэрэгтээ оров. Гүржүүд 1195 онд Азербайжаны захирагч Абу-Бекрт цохилт өгсөнөөс гадна өөрийн хаант улсад армянын Двин, Ани хотуудыг нэгтгээд Румскийн султанд ялагдал өгсөн байна. Гүржийн цэрэг стратегийн чухал Карс гэх цайз хотыг байлдан эзлэв.
Гүрж байр сууриа бэхжүүлж байлаа. Византийн эзэнт улс суларснаар Гүржид Хар тэнгисийн зүүн өмнөд эрэгт нэвтрэх замыг нээжээ. Гүржүүд эргийн хот сууринг эзлэн Трапизоны эзэнт улсыг байгуулан тэднийг өөрийн хяналтад авсан байна.
Давид Сослан 1206 онд өөд болов. Тэр жилд хатан хаан Тамараа хаан ширээнд өөрийн хүү, хамтран захирагч Георгий-Лашаг суулгасан байна. Гүржүүд 1210 онд Иранд амжилттай довтолгооныг хийлээ.
Хатан хаан Тамараа 1213 онд нас баржээ. Гүржийн сүм хийд Тамарааг хувилгаан болгон зарлаж түүний дурсгалын өдрийг тогтоож өгчээ. Өмнөд Гүржийн Ахалциха  хотод тус оронд анхных болох их хатан хаан Тамара Багрратионийн хөшөөг босгосон байна.
Тамарагийн үеийн түүхчдын бичин үлдээснээр түүнийг Гелатид оршуулсан ба хожим түүний зандарыг Иерусалимын Загалмайтны сүмд авчирсан гэх яриа бий.

Үйл явдал

1754 ОН. Сент-Андрусын гольфын нийгэмлэгийг байгуулсан Шотландын 22 жентельмен дэлхийн түүхэнд анхны гольф клуб байгуулсан бөгөөд энэ клуб дэлхийн хамгийн нэр хүндтэй клуб болжээ. Клубынхаа нээлтийн үеэр тэд мөнгөн цохиураар гольф тоглосон аж.Британий хаан IV Вилгельм 1834 онд уг клубын ивээгч нь болоход түүнд бэлэглэсэн медалийг шилжин явах цом болгосон бөгөөд Сент-Андуссийн клубыг “Royal & Ancient” гэж нэрлэх болсон нь “Хаантны ба хуучин” гэсэн утгатай ажээ.

1796 ОН. Английн эмч Эдвард Женнер цэцэг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тариаг олон нийтэд анх удаагаа харуулан хийжээ. Найман настай хүүхдийн гарт хоёр гүн биш зүсэлт хийгээд шарханд нь үхрийн цэцэг өвчтэй эмэгтэйгээс авсан шархны шингэнийг дусаасан байна. Хоёр долоо хоногийн дараа хүүхдийн тавгүйдэл өнгөрсний дараа түүнд “хүний цэцэг өвчний” тарилга хийжээ. Энэ удаа хүүхэд өвчилсөнгүй аж. Хэдэн сарын дараа дахин тарилга хийхэд бас зүгээр өнгөрчээ. Тэр цагаас хойш бүх урьдчилан сэргийлэх тариаг Микробиологийн эцэг Луи Пастерын санал болгосноор вакцин гэж нэрлэх болсон байна. Латинаар “vacca” гэдэг үг нь үхэр гэсэн утгатай ажээ.

1853 ОН. Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах аргыг хайгч Америкийн Гейл Борден өтгөрүүлсэн сүү бүтээжээ. Тэр сүүг нь манайхан “молоко” гэдэг нэрээр сайн мэднэ. Тэрээр шинэ бүтээлийнхээ патентыг АНУ, Их Британи хоёрт зэрэг авчээ.

2005 ОН. Узбекистаны Андижан хотод эсэргүүцэл хийж байсан олныг цэргийн хүчээр дарсны дараа тус орны Ерөнхийлөгч Ислам Каримов тэднийг террористууд гэж нэрлэн  хэдэн зуун хүнийг хороосныгоо зөвтгөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж