-Нийт 840 оюутны хэчнээн нь ямар зэргээр гадаад оронд суралцах вэ?
-2012-2013 оны хичээлийн жилд нийтдээ 840 хүн магистр, бакалавр, доктор, мэргэжил дээшлүүлэх төвшинд сургахаар болсон. Үүний 600 гаруй нь балаврын зэрэг, бусад нь магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх гээд төвшнөөр сургах юм.
-Засгийн газрын тэтгэлэгт ямар улсууд багтсан байгаа вэ?
-БНХАУ, зүүн Европын хэд хэдэн орнууд, Энэтхэг, Турк, Вьетнам, Лаос, Казахстан, Куба, БНАСАУ-д суралцуулдаг.
-Засгийн газрын тэтгэлгээр гадаад суралцсан оюутан эх орондоо буцаж ирээд ажиллах тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Суралцагч эргэж ирээд ажиллах тал дээр өөрөө сонголтоо хийнэ. Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжсэнээр социализмийн үеийнх шиг Боловсролын яамнаас хуваарилдаг байхаа больсон. Эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалдаг ийм зах зээлд боловсон хүчин хаана хэрэгтэй байна, тийшээ чөлөөтэй орох болсон шүү дээ. Энэ тал дээр суралцахаар явж буй оюутнууд ч өөрсдөө ойлголттой явдаг. Гадаад суралцаж, төгссөнөөр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин гарч байна гэсэн үг. Энэ утгаараа ажлын байраар хангагдах боломж нь илүү нээлттэй байдаг юм.
-Иймэрхүү тэтгэлгүүдийг иргэд тэр бүр сайн мэддэггүй. Тэтгэлэгт хамрагдахын тулд хаана хандаж, хэрхэн бүртгүүлэх вэ?
-Жишээ нь, Чех улсад гэвэл, тухайн суралцах жилийн өмнө оных нь 11, 12 дугаар сард, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг бол он гараад нэгдүгээр сард зарлагддаг. Үүнд манайх анхан шатных нь шалгалтыг аваад, Энэтхэгийн Элчин сайдын яам нь англи хэлний ярилцлага хэлбэрээр шалгаж авдаг. Гуравдугаар сараас БНХАУ болон ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн шалгалт зарладаг. ОХУ–ын хувьд гэвэл сүүлийн хоёр жилд 300 оюутан хүлээн авсан. БНХАУ болон ӨМӨЗО–ны их, дээд сургуулиуд нийт 312 оюутан авдаг юм. Дөрөвдүгээр сард Казакстан, Украйн, Вьетнам, Лаос зэрэг улсын Засгийн газрын тэтгэлэг зарладаг. Туркийн Засгийн газар энэ жилээс эхлээд оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулж, онлайн хэлбэрээр бүртгэх болсон. Ингэхдээ зургадугаар сарын 1 хүртэл онлайн бүртгэл нь явагдаж дууссан. Үүний дараа долдугаар сарын сүүлээр Туркээс мэргэжилтнүүд нь ирээд, сонгон шалгаруулалтыг тухайн улсын Элчин сайдын яам зохион байгуулна.
-Тэтгэлэгт хамрагдахын тулд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Бакалаврын төвшинд суралцаж байгаа оюутнууд тэтгэлэгт хамрагдахын тулд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст гурав ба түнээс дээш голч дүнтэй суралцсан байх юм. Ингэхдээ тухайн сурч байгаа мэргэжлээрээ хамрагдана. Харин магистр бол бакалаврын, доктор бол магистрын дипломын гурав ба түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагатай гэх зэрэг төвшин бүрээс хамаарсан шаардлагууд бий.
-Шалгалтанд бэлтгэх зорилгоор аливаа сургалтыг нэгдсэн байдлаар хийдэг үү?
-Үгүй.
-Оюутныг сургах санхүүжилтыг хэрхэн шийддэг вэ?
-Хоёр улсын гэрээний дагуу хүлээж авч байгаа тал нь оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтыг хариуцдаг. Монголын Засгийн газраас бодитоор хэдэн төгрөг гэж тооцохгүй. Үүний хариуд Монголын талаас гэрээтэй орнуудаасаа оюутан сургадаг юм. Өөрөөр хэлбэл, оюутан солилцох гэсэн үг юм.