-Маш их баярлалаа. Хэлэх үг ч олдохгүй шахам сууна. Аав, ээж, ахан дүүсээ төдийгүй монгол түмнээ баярлуулсан хүүгээрээ бахархаж байна. Солонгосын бил үү, тэр бөхтэй барилдаад хөл нь бэртсэнд айж л байлаа. Бэртэл авч хазагнаад буусанд хүүгээ гэмтчихлээ гэсэнд биш аварга хүн аварга л байдаг гэдгийг харуулах тэнхээ тэвчээр үлдээ болов уу гэсэндээ тэгж айсан хэрэг. Тэгсэн ашгүй цагаан өмсгөлтэй гараад ирэхээр нь тэр барайж байсан сэтгэл маань хүүгээ хараад тэр цагаан өнгөнд нь сүлэгдэн цайраадахсан. Хүү минь хэдийгээр бэртэл авсан ч ач тач үзэлцэн мөнгөн медаль хүртсэнээрээ аав ээж биднээсээ илүү ард түмнээ баярлуулах шиг боллоо.
Д.Цэнд-Аюуш /Түвшинбаярын ээж , Сайхан сумын малчин/
-Сайхан байна. Миний хүү нүцгэн биенээсээ хөлс дуслуулан догонцон байж хүч үзэлцэн авсан энэ шагнал Монголын ард түмний бүгдийнх нь сэтгэл итгэл шингэсэн шагнал боллоо. Бүлээн сүүгээрэээ амлуулан хөхүүлж өсгөсөн хүүгээрээ маш их бахархаж байна.
М.Оюунбат /Аймгийн засаг дарга/
-Нутгийн маань унаган хүү монголчуудын бахархал боллоо. 2008 онд олимпийн аварга болоод ирэхэд нь хүлээн авч уулзан баяр хүргэж дахин алтан медаль авч хошой аврага болоорой хэмээн ерөөж байсан. Энэ ерөөлийг хэрэгжүүлэхийн төлөө хичнээн зүтгэж асар их тэсвэр тэвчээрээр энэхүү мөнгөн медаль хүртсэнд аймгийнхаа ард иргэдийн өмнөөс баяр хүргэе. Бэртлээ сайн эмчлүүлээд дараагийн олимпид амжилттай оролцон хошой аварга, хос алт авч Монголын олимпийн, жүдогийн түүхэнд алт, мөнгө, хүрэл медальтан болох найдвар манай Түвшинбаярт бий гэдэгт итгэл дүүрэн байна.
М.Ганболд /Сайхан сумын ИТХ-ын дарга/
-Ээлжийн амралттай болохоор нутгийн хүүгийнхээ барилдааныг эхнээс нь аваад тухтай харлаа. Сайхан байсан. Эхний хоёр даваа бол маш урамтай. Уулга алдаж гэртээ босон дэвхцэх шахаж байлаа. Тэгээд Түвшээгээ мөнгөн медаль авмагц баяр хүргэхээр Хульжийн голын Төнгөлөгийн нуурын ард зусч байгаа аавынд сумын төлөөлөлийн хамт очсон. Ах Н.Бадар, эгч Н.Очгэрэл гээд айл саахалтынхан нь хуран цуглачихсан баяр хөөр болж суулаа. Бид Түвинбаяраараа бахархсан сайхан яриаг хөврүүлэн өрнүүлсэн. Энэ үеэр Лондонгоос Түвшинбаяр маань утсаар шууд ээжтэйгээ холбогдож намайг гэмтэж бэртсэнд битгий санаа зовоорой. Жудогийн дэвжээний энэ их ачааллыг амжилттай давснаас хойш аав ээж хоёртоо мөдхөн хүрээд очно оо. Бусад тамирчдад маань л цайны дээж, сүүн цацлаа өргөөрэй. Сайн сууж байгаарай хэмээн ярьж баяр дээр баяр нэмсэн.