-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлаад байнгын хороодыг бүгдийг байгуулчихлаа. Харин танай бүлгийн гишүүдээс нэг ч гишүүн орсонгүй. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид бол байр сууриа тодорхой илэрхийлчихсэн, “Төрийн ажил гацах ёсгүй, МАН сонгогчид иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж хуралдаанд орох ёстой. Гол нь чуулганы хуралдаан хуулийн дагуу явах ёстой” гэсэн байр суурьтай байгаа. Байнгын хороодыг байгуулсан асуудлын тухайд, тэр тусмаа УИХ-ын төвшинд хийж байгаа зохион байгуулалтын ажлууд нь хэдхэн хүнд зориулсан ажил болж хувираад байна. Наад зах нь урт хугацааны туршид байнгын хороод ямар байх ёстой юм, үйл ажиллагаа нь яаж явах ёстой юм, ирц нь ямар байх ёстой вэ гэдгийг бодолцох ёстой. Гэвч байнгын хороодын ирцийн тоог буруулсан нь цаашдаа муу үр дагавар дагуулж мэдэхээр байна. Тухайлбал, байнгын хороодын гишүүдийн тоог доод тал нь 10 байхаар зааж өгсөн гэсэн. Энэ бол бага тоо. Ард түмнээс санал авч сонгогдсон 76 гишүүн УИХ-д байхад байнгын хорооны төвшинд дөрвөн гишүүнтэйгээр асуудал шийдээд явахыг ямар үндэслэлээр хэний эрх ашгийг илэрхийлсэн шийдвэрүүд болно гэж үзэх вэ гэх мэт олон асуудлууд бий. Цаашдаа Засгийн газрыг бүрдүүлэх, иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах үйл явцууд болно. Энэ бүхэн нь зөв хуулийн дагуу явах ёстой. Одоо бол МАН-аас болоод төрийн ажил явахгүй байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Чухамдаа Ерөнхий сайдыг томилох асуудал одоо болтол УИХ-д орж ирээгүй, байнгын хороодыг яаж хуваарилах асуудлаа шийдээгүй, хэнийг даргаар томилохоо шийдээгүй байна. Энэ бүхнийг бид анхааралтай ажиглаж байна. Тийм учраас МАН-д төрийн ажлыг гацаах сонирхол байхгүй, хотын даргыг батламжлах асуудлыг өчигдөр Ерөнхий сайдад мэдүүлсэн байсныг өнөөдөр бталамжлахаар болж байна. Энэ мэтээр бид ажлыг аль болох шуурхай явуулахын төлөө байгаа гэдгийг дахин хэлье.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танай бүлэг хэзээ оролцоно гэсэн үг вэ?
-Нөхцөл байдлыг харж байна. Асуудлаа хуулийн дагуу оруулаад ирэг. Орохгүй байх тухай огт яриагүй, бас хойш тавих тухай огт яриагүй. Зөвшилцөл бол үргэлжилж байна, энэ асуудлын хүрээнд. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай миний бие үргэлж уулзаж, асуудлыг ярьж байна. Манай талаас тавьсан гурван асуудал дээр зарим нэг дээр нь ойлголцсон. Өвөрхангайн шүүх хурал маргааш болно, шүүх хуралдаан ном журмынхаа дагуу явах ёстой. Сонгогчдын эрх ашгийг хамгаалсан, төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барих ажилдаа орох нөхцлийг бүрдүүлсэн шийдвэр гарна гэж найдаж байна. Машины эргэлзээг тайлах, хяналтын тооллого явуулах тухайд зарчмын хувьд ойлголцсон. Хэзээ, ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг дээр жич яриад ойлголцчих байх. Нэг үгээр хэлбэл, бидний хувьд алхам алхмаар ойлголцох үйл явц үргэлжилж байна гэж хэлэхээр байна.
-Гэхдээ та бүхэн зөвшилцөж байна гэж цаг алдах зуур, бүлэг ч үгүй, байнгын хороонд гишүүдээ ч оруулж чадахгүй улам л хүнд байдалд ороод буй юм биш үү?
-Парламентат ёсны наад захын жишиг бол цөөнхөө хүндэтгэж, байр суурийг нь сонсч, тэднийг хуралдаа заавал оролцуулж байх тухай Олон улсын парламентын холбооны зөвлөмж гэж байдаг. Нэг гишүүн байсан ч оролцуулж олонхиороо шийдвэр гаргаж бай гэж… Харамсалтай нь, Монголын өнөөдрийн парламент олон улсын хэм хэмжээг хүндэтгэхгүй байна. Үүнгүйгээр Монголын парламент цаашид үйл ажиллагаа явуулахад хүнд болно. Яагаад гэвэл МАН-ын төлөө саналаа өгсөн олон зуун мянган сонгогчийн үзэл бодол, байр суурь УИХ-ын төвшинд яригдахгүй, тэдний бодож санаж саналаа өгсөн зүйлүүд нь УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд тусгалаа олохгүй явна гэдэг бол парламентат ёсыг алдагдууллаа гэж хэлж болно. Манай намынхны хувьд ямар нэгэн байдлаар Засгийн газарт орж, албан тушаал авахын төлөө нөхцөл байдлыг хараад хүлээгээд буй юм биш. Бага хуралдаанаараа бид сөрөг хүчин болж ажиллана гэдгээ зарлачихсан.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга уржигдар “МАН-аас биелүүлж болохгүй гурван шаардлага тавьж байгаа” гэж хэлсэн.
-Уржигдраас хойш хоёр хоног өнгөрчихөөд байна, бидний хувьд тогтмол уулзаж, аль болох байр сууриа ойртуулж ойлголцохын төлөө ажиллаж байна. Үр дүнд нь нэг асуудал дээр зарчмын хувьд ойлголцсон, нөгөө хоёр шийдэгдэх газраараа шийдэгдэх ёстой. Биднийг шүүхэд нөлөөлөх нь гэж ойлгоод байх шиг. Гол нь бид шүүхийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаач ээ гэдэг хүсэлт тавьсан.
-Хяналтын тооллого хийх асуудал дээр ойлголцсон л гэх юм. Гэтэл өнөөдөр Д.Эрдэнэбат дарга арай өөр тайлбар хийсэн дээ?
-Хяналтын тооллогын тухайд тэр тусмаа автомат машины эргэлзээ нийгэмд одоо ч байгаа. Энэ эргэлзээг арилгахгүйгээр цаашаа явж болох уу, үгүй юу гэдэг бол маш том асуудал. Энэний цаана улстөрийн тогтвортой байдал бий. Өчигдөр орой бид Д.Эрдэнэбат даргатай уулзахад хяналтын тооллогыг ойлголцсон. Тус намаас санал гарч болно, бид түүнийг нь хэлэлцэнэ.