Наран мандах нутгаас тээсэн сүлэрсэн бодлууд

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Наран мандах нутгаас тээсэн сүлэрсэн бодлууд

Замын унаанд суух зуур 560 км-ыг яажшуухан барна даа гэсэн бодол төрж байсан ч зам зуур хөдөө талтай танилцаад харин ч бүр сонирхолтой явах биз гэсэн бодол зурсхийж наран мандах нутаг руу аяны замд мордлоо. Хорооллоос хороолол руу, оффисоос оффис руу л явдаг “аяны” туршлагатай би бээр эхлэл агаад эцэс нь үл мэдэгдэх хадаг шиг тал нутаг буюу унасан газрынхаа зүг анхлан дөхөж буй нь энэ. Туулах зам талдаа орох аясад “нүд сэтгэлээ баясгах онцын юмгүй, доороо ногоорч, дээрээ цэнхэртсэн овоох товойх, хотойх гүдийх зүйлгүй тал шив дээ” хэмээн дурамчхан бодсоор унтах, сэрэхийг хослуулан Сүх жанжины нэртэй өлгий нутагтаа ирэв ээ. Өлгий нутаг байтугай өсөж өндийхөд минь хайраа нэмсэн хамаатан саднаа ч зургийн дүрээр таньж, аймгийн төвийн амьдралтай танилцлаа. Төсөөлснийг бодвол засаг ноён, зааварлах төрийн ажиллагаа данги байгаа бололтой аймгийн төвийн аж байдал тэгш, хөгжлийн хурд эрчтэй, нутгийн олны царай баясалтай харагдана. Ямар сайндаа л хотод байдаггүй Турк барааны хэд хэдэн дэлгүүрээр орж, олж хараагүй хувцсаа олзолж, тэрүүхэн тэндээ хөөрхөн “шоопинг хийгээд” амжсан. Ээж минь эгээ л хоёр дахин залуужаад миний энтэй ирчихээ юу гэлтэй хөөрцөглөж, найз нөхөд, хамаатан садантайгаа учран өдөр бүрийг хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх хөтөлбөртэйгөөр өнгөрөөж байлаа. Төд удалгүй Сүхбаатарчуудын хийгээд хөх толбот түмний сүслэн биширдэг “Алтан овоо”-ны зүг дараагийн аяны тов гарав. Дөрвөн жилд нэг удаа тахидаг ёсыг даган, басхүү амьдралын их замд анхны гараагаа хийх гэж буйгаа бодон хиймороо сэргээж, амьдралаа даатгах сүсэг тээсээр унтарсан галт уулсын өлгий Дарьганга сумыг зорьлоо. Усан галавын эрин ирээ юу гэлтэй усархаг хур бууж, өвдөг татсан өвсөн дундах галт уулын чулуунуудад төмөр тэрэг минь цохигдсоор давхиж биш бараг л мөлхөж “Алтан овоо”-ны бэлд ирснээр хээр тал дахь анхны шөнөө өнгөрөөсөн юм. Будант уулын орой бэлээ хүртэл манантаж, булбарай багачуулаас эхлээд буурал настан хүртэл овооны тахилгадаа ирж, жаягийн дагуу ёслол үргэлжилсээр үд хэвийх алдад өндөрлөсөн. “Монголын ёс гурав” гэсэн журмыг даган тахилгат хайрхнаа гурав бүтэн тойроход 50-аад км газар алхсан байх юм. Нар дээрээс шарж, хөлийн таваг хавтгайран өвдөөд “Албатай ч биш дээ, заавал гурав байх даа яахав дээ” гэж шантрах аястай бодол төрөхүйд миний ард надаас 2, 3 дахин өндөр насыг элээсэн эмээ ач, зээгээ сугавчлаад итгэлдээ үнэмшин, сэтгэлдээ сүслэн алхахыг хараад анх удаа “залуу хүн байж арай ч дээ” гэж өөрийгөө голж үзлээ. Хөдөө нутгийн цайлган сэтгэлтнүүдээс мэдэрсэн анхны ухаарал минь энэ байлаа.   

Биесээ бараадах уулс, хосоор амьдрах хүмүүн

Тал нутгийн чандмань эрдэнэ болсон “Ганга” нуур чимээгүй уянгалаад, захын зэгснүүд салхиар удирдуулан лимбэдэж, газрын диваажинд амьдардгаа эрхэмсэгээр илтгэх хос хун хайрын тухай бодол нэрүүлэх агшинд тийм гэхийн тэмдэггүй сэтгэлийн булаг минь нуурын ус руу цутгаж хүн байгалийн хүйн холбоог мэдрүүлсэн. Тахилга, ёслолын алжаалаа тайлж, замын дунд шилийн сайн эр Торой бандийн хөшөөн дээр зургаан татуулаад, оюу ногоон дэвсгэртэй хээр талыг эвхэн давхилаа. Хотоос ирэхдээ бодсон “үзэж харах зүйлгүй тал нутаг ч…” гэсэн бодол маань аль хэдийн ул болж, хурууны үзүүр шүргэх өвс ургамал, машины цонхоор цээж гижигдэн орж ирэх борооны дусал, яваад л байхад барагдаж дуусдаггүй тал хээр, газартай хаяа нийлсэн саарал тэнгэр гээд цөмд нь хэдийн сэтгэл ээнэгшжээ. Сэрүүхэн өдөр бүлээхэн бодол тээн давхихад үүлэн сиймхийгээр нар шагайж, солонгорсон бороо өнгө өнгөөр дусалж, талын цэцэгсийн үзэмжийг улам нэмнэ. Гэрэлд цугладаг хар хорхой, гэнэдүүлээд хатгачихдаг шумуул нь хүртэл “миний нутгийн…” гэсэн элгэмсүү бодлыг төрүүлснээ нуух юун.

Хувьтай хүнийг дагадаг хур бороо шиврэн орсоор эх орны зүүн хилийн хаяанд тулаад бид хээр буудаллаа. Тэр шөнө салхи салхилж, бороо ширүүсээд майхантайгаа хамт эгээ л хийсчихсэнгүй. Гэсэн ч олон арван машин отог болоод нэгнийхээ нөмөрт ханьсан хонож, үүр хаяарах алдад Шилийн богдын орой өөд мацлаа.                                                                                                                               
“Мандах нар минь элчээрээ гийгүүлж, маргаашийн өглөө жаргал хайрла”..,Уухай, уухай.., босоо Монгол ёсолгоо… Амьтай бүхний үндэс болсон наран мандах зүгийн нутагт нар үнэхээр ойрхон ажээ. Нарны цацрагийг барьж аваад олс болгон зүүгдээд наран дээр оччихмоор ч юм шиг, туяаг нь алганыхаа хонхорт багтаагаад үүрд аваад үлдчихмээр ч юм шиг тийм ойрхон…Монголд нарыг хамгийн ойроос харъя гэвэл энд л боломжтой. Нар зүүнээс ч биш, тэнгэрийн хаяанаас ч биш дэргэдээс манддаг нарны орон,энергийн төв энэ мөн. Би энергийн хүчинд итгэдэг. Нар бол тэр чигээрээ энерги юм. Тиймээс ч түүнд нандин хүсэл бүхнээ дайгаад, биелэж буй дүрийг нь нүдэндээ зурагласаар салж ядан уулнаас буусансан. Миний амьдралын хамгийн гайхалтай өглөөнүүдийн нэг нь эсвэл эхлэл нь энэ байлаа. Талхан дээр масло түрхээд дунд нь ганц ёотон тавьчихсан мэт өө сэвгүй хээр талд майхан хэлбэртэй сүндэрлэх “Шилийн богд” ах, дүү гурвуулаа гэнэ. Зотол хаан уулан дээр гарахад Дархан хаан үзэгдэж, харин түүн дээр гарахад Шилийн богд харагдаж, ах дүү гурвуулаа биесээ бараадан нутгаа манан оршдог ажээ. Дархан хаан уул цөмдөө хөндий, урт хэвлийтэй бөгөөд түүгээрээ эх газрын устай холбогддог гэсэн яриаг нутгийн хүнээс сонсоноо дуулгая. Үүлс хүртэл түрүүчээ даган нүүж, уулс хүртэл биесээ бараадан оршихуйд хосоор амьдарч туулдаг хорвоогийн жам, хайрлахуйн ухаан хоёрыг нийтгэж би тунгаасан. Нутгийн буурал уулсын минь надад өгсөн бас нэгэн ухаарал энэ байлаа.


Тос даасан сэтгэлтэй, хадаг шиг хүмүүс

Эх нутаг минь хэвлий дээрээ үзэсгэлэн төгөлдөр атлаа хэвлий дороо ч тайлагдашгүй нууцийг агуулсан байх аж. Бид “Шилийн богд”-ын нөмөрт үдлээд цааш ар хормойд нь орших “Талын агуй”-г зорилоо. Мөсөн давхаргатай, гурван том амтай байгалийн өвөрмөц энэ тогтоцийг мөсөн өргөө гэлтэй. Нэг удаадаа 3-4 мянган хүн зэрэг оруулах багтаамжтай талын агуйн 250 км-ын урттай хоёр амыг нилээн хэдэн жилийн өмнө хаасан байна. Учир нь дэлхийн дулаарал, гийчдийн тасралтгүй үргэлжлэх цуваанаас шалтгаалан мөсөн бүрхүүл нь их хэмжээгээр хайлж, хананд нь ан цав үүссэнээс нурангын аюул ойрхон болжээ. Байгалийн гайхамшгийг үзэн баясахын хажуугаар элэг нэгтний ярианд сэтгэл урагдаж, нүхнээсээ салж ядах тарвага шиг л амьтан дөрвөн дугуйтынхаа цонхоор эргэн эргэн харсаар аяны замаар цааш давхилаа. 

1990-ээд оны эхэнд нэгэн талын Монгол айлын эхнэр нөхөр хоёр насаар бага гурван хүүхдээ гэрт нь цоожилж орхиод өөрсдөө малдаа явсан гэдэг. Хүүхдүүд жаахан, юмны учир мэдэхгүй тул шүдэнзээр тоглож байгаад гал алдан гурван бяцхан үрээ галын бурханд өргөжээ. Үүнээс хэдхэн жилийн дараа энэ айл надаас насны зөрүү бага удам залгах хүүтэй болсныг миний ээж эх барьж аван, “хоёр дахь эх” нь болсон түүхтэй. Чихэр шиг инээд, давс шиг нулимс хайрласан хүний амьдрал хагацал, учирлаар дүүрэн. Ийм нэгэн учирлын ерөөлтэй айлд наадамлахаар аяны төгсгөлд бид Сүхбаатар аймгийн Асгат сумыг зорьлоо. Дэндүү гэмээр хээгүй, эршүүд зантай ч хөөрүүлсэн сүү шигээ цайлган сэтгэлтэй айлын эзэгтэй нүдэндээ нулимстай биднийг угтсаан. Тэр болгон улс амьтан ирдэггүй бололтой алсын газар холын гийчид зочилсон нь Монгол наадмын бэлэг байсан биз ээ. Бор гэрийн богд нь гүндүүгүй монгол эрийн тод жишээ. Хөөрөг зөрүүлж тамхи нэрэн, улс орны аж байдлын тухай үг солилцоно. “Хорвоотой танилцсан түүх” гэдэг шиг энд л би хорвоотой танилцсан юм. Үүрийн гэгээ хөхрөн шуугдах цагаар саалийн хувингийн дуу харшиж, зүс таних таван эрдэнэ тал дүүрэн налайгаад хөдөөгийн амьдрал хоор дуулах шиг хоршиж эгшиглэнэ. Том наран дор нутгийн амьдрал эхлэж, цавцайсан цас шиг сүүгээ хөөрүүлэхүйд загсайсан өрөм шаргалтан тунараад, айлын эзэн адуундаа мордох зуур малын дуу малчны хотыг гийгүүлж, талын салхи таанын үнэрээр анхилна. Буржийсан ноостой, мярнуусан хурганы хойноос элдэн тоглож, моторын дуут хоёр дугуйтаар талын замыг тас шиг туулан, айлын багачуултай асгат толгодоор цамцаа дэрвүүлэн гүйгээд аяа би гэдэг хүн алдрай бага насандаа ч эдлээгүй жаргалаа аавын гэрээс айлын бэр болох насандаа мэдрэх шиг… 

Айлын эзэгтэйн өгүүлэх ярианы гурван өгүүлбэр тутмын нэгт хэлц үг, зүйр цэцэн үг заавал орно. Энэ нь хэл бичгийн эрдэмд суралцсаар буй надад олз болж, ном сонин төдийлөн уншдаггүй атлаа хаанаас нь энэ цэцэн үгс урсдаг юм бол гэсэн бодол төрүүлэх нь гайхмаар. Дэлгэсэн хадаг шиг тал нутгийнх нь салхи хур дагуулж, агаар тунгалаг алсын бараа нь тэртээх зууны домог амилуулан хүүрнэдэг учраас богт чөмөг нь богино ч гэсэн бодол ухаан нь урт байдаг биз ээ тэд.

Сүхбаатар нутаг хэзээнээсээ хурдан морьдоороо цуутай. Талд давхих хүдэр эрийн морин дэл дээр аялах “Жаахан шарга”-ын аялгуу амилаад ирэв үү гэлтэй унаган хүлэг нь уудам нутгаа туулах гэж босоо төрдөг учраас тэр гэнэ. Уяач эзнийхээ магнайд наадмын од харвуулахаар, унасан хүүхдийнхээ сэтгэлд баясалын оч үсэргэхээр хурдан хүлэг нь салхиар тохуурхаж, шувуудтай уралдан, газраар нисдэг учраас тэр гэнэ.

Хээв нэг захын лангуунаас худалдаж аваад, хэнэггүй идчихдэг улаан мах хүртэл хөдөөнийхний хувьд бурхны хишиг. “Маанийн номыг ном гэдэггүй, махсаг хүнийг малч гэдэггүй юм” гээд малаа гаргахдаа ч хайраа шингээдэг хайлган сэтгэлтнүүдийн нутаг надад бурхадын хөндий шиг санагдсан. Аагтай шаргал цай нь цагаан сүүтэй сүлэрч зөөлөн шаргал нарны өнгө шигээ болохуйд тогоон дотор нь нар буцалж байна уу хэмээн эндүүрмээр. Амьнаасаа тасалсан үрсээ бурхадын орон руу илгээсэн ч буянаа тэнцүүлэн хувааж, үйлийн үрээ эдлэн жаргасан энэ хоёр хөгшин тахилгын үеэр мөргөсөн хаан, хатан хоёрын хүн чулуун хөшөөг нүдэнд буулгана. Аягатай цайндаа сүлэлдэж, нүдний аяган дахь нулимсаа хувааж залгилсан тэдэнд өвөө, эмээ болох өлзийт цаг тунчиг ойрхоон. Тос даасан сэтгэлтэй, хадаг шиг хүн байна гэдэг хорвоод мэндэлсний хамгийн том утга гэдгийг энэ хөндийн бурхад надад ухааруулсан билээ.


Нутгийн бороо нүд угааж, салхиараа сэтгэл даллана

Урьд хэн нэгэн “Чи аль нутгийнх вэ” гэж надаас асуухад “Бараг л хотынх. Хөдөө төрсөн боловч багадаа гарсан болохоор төсөөлөл байдаггүй юм” гэж хариулж байсан санагдана. Харин одоо бол хэнбугайн ч хүү ирээд асуусан “Би хөдөөнийх…” гэж хариулж, бүр хашгирмаар бодогдоно. Малгайгаа засдаг мутартай, магнайдаа хүргэдэг судартай хүн гэдэг шиг насаараа овоглох нутагтай, сэтгэлдээ хүн чанарын хэмжүүр болгон амьдрах ахан дүүстэй би хувьтай хүн. Ийнхүү бодол ухааралд амтшиж, хорвоотой танилцан нүд нээгдсэн миний аялал шувтарлаа. Болдогсон бол энэхэн биеэ хоёр хуваагаад зүрхэн талын хэсгээ нутагтаа үлдээчихээд, үлдсэн талыг нь их хотын үймээнт амьдрал руугаа аваад давхихсан.

Жаргах нарны туяа жаахан зүрхний минь өнгөнд уусан нутгийн бороо намуухан шивирч байна. Бороон дуслууд цонх тогшиж, нутгийн салхи “дахиад ирээрэй” хэмээн шивнэж байна. Хурдан хүлэг, халуун сэтгэлт эзэн нь “Амьдрал амаргүй ээ. Урагшаа давхиад л байгаарай. Барианд орох үедээ харин нутагтаа ирж, бурхадын хөндийд амар жаргаарай” хэмээн сэтгэл даллаж байна…

Ариун Гангын тунгалаг ус шиг, алтан ганжиртай хайрхан шиг, амандаа аялах дуу шиг, алдарт хүлгийнхээ цуу шиг түмэндээ тустай, түүхэнд нэртэй амьдаръя даа нутаг минь…

“…Мандах наран зүгт нутаг минь байдгийм
Маргах юмгүй тэнд дулаахан байдгийм
Мал нь тогтуухан, хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдгиймаа…”

Т.НОМИН-ЭРДЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж